УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2017.02.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт зарчмын зөрүүтэй саналаа татаж, УИХ-ын гишүүн Д.Цогзолмаагийн зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн гэж танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Д.Цогзолмаагийн гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ингээд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороонд шилжүүллээ.