Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд бямба гарагт /2017.01.11/ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Шуурхай удирдлагын штабын үйл ажиллагаатай танилцсаны дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар болон үйл ажиллагааны тайланг сонсож, санал бодол солилцсон юм.
Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна. Эрүү, хэв журмын нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардагдаж буй төсөв хөрөнгө, тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг танилцуулан, санал бодлыг сонслоо. Ер нь тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан тодорхой арга хэмжээ авч байна. Үүний нэг нь улсын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба Хууль зүйн яамны харьяанд байгуулагдсан. Цагдаагийн байгууллагад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зохион байгуулалт бүхий нэгжийг байгуулан, үйл ажиллагаа нь эхлээд байна” гэж ярилаа.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.