Америкийн Холбооны мөрдөх товчоо Оросын тагнуулчдын нууц бичлэгийг олонд ил болголоо. Оросууд АНУ-ын нутаг дэвсгэр дээр сүүлийн 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулжээ. Оросын тагнуулчид нууц мэдээ материал солилцож байгаа дүрс бичлэгүүд нууц дуранд буужээ. 2010 оны нэгдүгээр сарын бичлэгт Оросын сайхан бүсгүй, алдартай телевизийн хөтлөгч Анна Чапман Нью-Йоркийн нэгэн цайны газарт энгийн хувцастай Холбооны мөрдөх товчооны (ХМТ) ажилтантай NOTEBOOK нь ажиллахгүй байгаа талаар ярилцаж байсан байна. Анна тухайн үед түүнийг ХМТ-ны ажилтан гэж мэдээгүй байсан бөгөөд Оросын өндөр албан тушаалын хүмүүст мэдээлэл дамжуулах гэсэн боловч NOTEBOOK нь эвдрээд болохгүй байгаа талаар ярьж байжээ. Өөр дүрс бичлэгт оросын тагнуул метроны зогсоол дотор бэлэн мөнгө болон нууц бичиг баримт солилцож байна. Холбооны мөрдөх товчоо оросын 10 тагнуулыг олж илрүүлснийхээ дараа тэдний бичлэгүүдийг ил болгосон байна. Материалаа солилцож байгаа дүрс бичлэг яг л тагнуултай кинон дээр гардаг шиг өөрнөж байна. Нэгэн тагнуул газар доор нуусан мөнгийг авч байна. Нэгэнт хэрэг шийдэгдсэн учир дүрс бичлэгийг ил болгох нь аюулгүй гэж албаны хүмүүс үзэж байгаа юм байна. АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар Оросын тагнуулын үйл ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй байгаа аж. Тэднийг үргэлжлүүлэн мөшгиж байгаа гэнэ. Өнгөрсөн онд Америкчууд Оросын тагнуулч Анна Чапманыг хамтрагсдынх нь хамт баривчилж, 2 улсын тагнуул солилцоогоор эх оронд нь буцаасан. Анна Чапман битүү бүхээгтэй машинд суун гудамж талбайгаар явж, утасгүй интернет ашиглан мэдээлэл дамжуулдаг байжээ. Тагнуулын үйл ажиллагаагаараа Их Британи, Орос, Израйль, Хятад улсууд дэлхийд тэргүүлдэг байна.
Shuum.mn
Shuum.mn