Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /02.19/ Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг www.etzone.mn, www.etpost.mn, Номин телевизийн www.nbtv.mn, www.erdenettimes.mn сайтуудыг албан ёсоор Монголын сайтын холбооны гишүүнээр бүртгэж гишүүнчлэлийн гэрчилгээ олголоо.
Гэрчилгээг www.etzone.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Алтанцэцэг,
www.etpost.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Х.Мөнхтуяа
www.erdenettimes.mn сайтын эрхлэгч Б.Мөнгөнтуяа
Номин телевизийн захирал Х.Хишигбаяр нар гардан авсан юм.
Гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулахад Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын сайтын холбооны орон нутгийн сайтуудын хорооны дарга Б.Цэрэнсодном нар байлцлаа.
МОСАХ-ны Ерөнхийлөгч Э.Батхүү: “Монголын сайтын холбоо нь Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлж, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалан дэмжиж, шинэ үеийн цахим сэтгүүл зүйн стандартыг тодорхойлж, нийгмийн оюун санааны хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай зохистой түвшинд хамтран ажиллаж, хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн Монгол улсын цахим салбарын хөгжлийг түүчээлнэ гэсэн эрхэм зорилготой хамт олон. Энэ зорилгын хүрээнд сэтгүүлчийн ёс зүйг дээдлэн сахиж, оюуны өмчийн хулгайтай тэмцэх шаардлагатай"-г онцолсон. Мөн МОСАХ-ны гишүүн болсон сайтуудад идэвхитэй амжилттай ажиллахыг хүслээ.