Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо.
Хотын удирдлагууд нийслэлийг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаас гадна энэ оны төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг НИТХ-ын дарга Ц.Сандуй уулзалтыг нээсэн үгэндээ онцолсон. Тийм ч учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад чуулга уулзалтын гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатар хотын хаврын их бүтээн байгуулалтад иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлийн зүгээс нээлттэй гэдгийг мөн хэлээд Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтрахыг урилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үндсэн илтгэлийг тавилаа. Тэрбээр УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулав. Хотын дарга илтгэлдээ “Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69.6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174.4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64.3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12.1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356.9 тэрбум төгрөгийн нийт 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ.
Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар нь авч үзвэл хот байгуулалтын салбарт хамгийн их буюу 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193.2 тэрбум, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9.3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.” хэмээн дурьдаад хөрөнгө оруулалтын ажлуудыг салбар бүрээр нь танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Улаанбаатар хотыг дэлхийн хөгжиж буй орны хотын жишигт хүрсэн хот болгохын тулд бүгдийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.” гэсэн юм.
Үүний дараа:
- “Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох”
- “Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал”
- “Инноваци, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалт”
- “Баянхошуу Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт”
- “Худалдан авах ажиллагааны ил тод байдал”
- “Авто замын захиалагчийн хяналт”
- “Нийслэлд хэрэгжүүлэх шинэ төслүүдийн санал”
- “Захиалагчийн санал”
- “Улаанбаатар хотын худалдааны танхим” гэсэн илтгэлүүдийг уулзалтад оролцогчдод танилцууллаа.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хэд хэдэн санал гаргав. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод, үнэн зөв, шуурхай хүргэхэд хотын удирдлагууд анхаарах шаардлагатай гэсэн санал гарсан бол “Элит констракшн” компанийн зүгээс орон сууцны хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулахаар газар шорооны ажил эхлэх үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг оршин суугчдад зөвөөр ойлгуулах, бодит мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Мөн бизнес уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад залуусыг гар бие оролцохыг уриалж байв.
Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор дэлхийн жишигт нийцсэн резинэн хавтан үйлдвэрлэгч “Инахис” ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж резинэн хавтангаа дэлхийд байхгүй хамгийн хямд үнээр нийлүүлэхээ илэрхийллээ. Хотын дарга ч импортын барааг орлох чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ нийслэлээс дэмжихээ хэлсэн юм. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгтээ хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдын хамтран ажиллахыг урилаа. Тухайлбал, орон сууцны барилгуудын мансард хийх, гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц татах зэрэг ажил хийх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэв.