logo
Эхийн хайраар урлав

Эхийн хайраар урлав

2017/02/21
Өөртөө ч зориулдаггүй нандин бүхнээ үрдээ хадгалж, өглөө үдшийн алинд нь ч үрээ санаж гэр рүүгээ яардаг эгэл бүсгүйчүүдийг ээж гэдэг. Би ч бас тэдний нэг. Амттанд дуртай, аавын эрх охиныг ээж болгож, өөрийнхөө амсаагүй чихэр жимсийг ч өвөртөө хичнээн л бол хичнээн удаан хадгалах тэвчээртэй болгосон охин үр минь надад одоогоос гурван жилийн өмнө ирсэн юм. Дөрвөн өдөр, шөнө дуншиж байж, асар их өвдөлтийг мэдэрч, дэлхийгээр дүүрэн “ээж ээ” гэж хашгирмаар санагдтал тэвчээр алдуулан байж ирсэн тэр тохойн чинээхэн биетэй, мойлон хар нүдтэй бяцхан амьтныг анх харсан мөчөөсөө л өөрөөсөө ч илүү хайрлаж эхэлсэн билээ.
Олон удаа угааснаас өнгө нь гандаж, энд тэндээ бяцхан толбо тогтсон, ягаан эрээн өлгийнд анх хүрэхэд яагаад ч юм, санасан шиг минь зөөлөн санагдаагүй. Гарынхаа хамгийн зөөлөн хэсэг болох өндөгөөрөө ч хүрч зүрхлэмгүй тийм эмзэг нандин үрийн арьсанд ширүүдэж байх вий гэж бодсон ч намайг таньж ядан цоо ширтэх бүлтгэр нүдийг хараад бүхнийг умартсан. Маргааш нь эмнэлгээс гарах болоход бяцхан охины минь аав цоо шинэхэн өлгий авч өгөхдөө “Солонгос хөвөн даавуу” гэж тодотгосон боловч бас л сэтгэлд бүрэн нийцээгүй. Энэ мэтээр бяцхан үрд минь тав тухгүй байх вий гэж цаг үргэлж л санаа зовнидог байлаа. Зарим өлгийний даавуу бяцхан хонго, сугыг нь улайлгасан байхад сэтгэл хачин их өвддөгсөн.
Охиноо хувцас өмсдөг болоход ч өнөөх “маяг”-аасаа салж чадсангүй. Ганц хувцас сонгох гэж нэг биш нэлээд хэдэн дэлгүүрээр орно, өчнөөн сонголтоос татгалзаж, төчнөөн цаг үрнэ. Илж, имэрч, эргүүлж тойруулж, оёдол бүрийг нь шалгаж, үнэрлэж үзнэ. Энэ үйлдэлд маань худалдагч бүсгүйчүүд даанч таагүй хандана. Гэвч сэтгэлд нийцгүй зүйл худалдаж авчихаад, дараа нь хүүхдэдээ өмсгөх үү, болих уу гэж эргэлзэж байснаас нэгмөсөн зөв сонголт хийх нь зүйтэй гэж өөрийгөө зөвтгөнө.

Харшил өгөхгүй, будаг гарахгүй, агшиж сунахгүй, оёдол нь үрэхгүй, элдэв үнэргүй… даанч энэ бүх шалгуурт минь тэнцэх хувцас бараг л олдохгүй.
Гэтэл саяхны нэгэн өдөр Цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээгүүр бараа худалдаж авахаасаа илүү нүд хужирлах зорилгоор хагас өдрийн турш хэсэв. Хүүхдийн хувцас л харвал илж, имэрч үздэг заншилаараа охинд минь таарах болов уу гэсэн бүхнээ барьж үзсээр л явлаа. Нэгэн лангууны хажуугаар өнгөрөхдөө нэгэн шаргал цамцыг санаанд ч үгүй имэрчихэв. Ямаршуу цамц байсныг нь ч сайн анзаараагүй учир шууд цаашаа алхлаа. Гэвч дахиад нэг имэрч үзмээр санагдаад ер болдоггүй. Эргэн харвал энгийн нэгэн тамирын цамц…

Ямар нэгэн зүйл худалдаж авах төлөвлөгөөгүйн дээр тэр цамц тэгтэлээ анхаарал татаагүй учир дараагийн лангуу руу алхав. Гэтэл өнөөх цамцыг л дахин имэрч үзмээр санагдаад болсонгүй. Бүр заалнаас гарч явсан хойноо өнөөх хүсэлдээ хөтлөгдөв үү гэлтэй, гэнэт эргэж өнөөх шаргал цамцыг дахин имэрч үзэв. Илээд л баймаар, бүр хацартаа нааж үзмээр зөөлөн, дулаахан… Цамцны эзэн намайг анзаарав бололтой, ойртож ирээд “цэвэр хөвөн даавуу, будаг гарахгүй, бөөсрөхгүй, агшиж сунахгүй…” гэж байна. Түүний үгэнд эргэлзэх юм алга.
Хэсэг хугацааны дараа өнөө бүсгүй лангуун дээрээсээ хүүхдийн цагаан даавуу авч, над руу сарвайв. Даавууг барьж үзвэл бас л ер бусын зөөлөн, бүр нөмрөөд хэвтмээр ч юм шиг тав тухтай, биед наалдацтай юмсанж. Худалдагч бүсгүй миний мэдэрч байгааг баттай мэдэрч байгаа бололтой, өөртөө тун итгэлтэй инээмсэглэж зогсоно. Тэр намайг л түрүүлж ам нээхийг хүлээгээд байх шиг санагдлаа.

-Ямар гоё зөөлхөн юм бэ?
-Тийм ээ. Хүүхдэд хамгийн гол нь, тав тух шүү дээ. Би анх ээж болоод… гээд надад хэзээний танил түүхийг ярив.
Тэр “Содон” хүүхдийн өлгийн даавуу, хүүхдийн хувцасны үндэсний брэндийг үүсгэн байгуулагч Н.Содбилэг юмсанж. Тэр үрстээ хүсдэг тав тухаа хүүхэд бүрт мэдрүүлэхийн тулд хамгийн зөөлөн, 100% хөвөн даавуун материалтай, хөлөргөхгүй, биеийн хөдөлгөөнөөр сууж хэвшдэг тул хувцас өмссөн мэт тав тухтай, агаар чөлөөтэй нэвтрүүлж, харшил үүсгэхгүй, хөнгөн, дулаахан материалаар бүтээгдэхүүнээ урлаж эхэлжээ. Бас “хамгийн чанартай бүтээгдэхүүнийг бяцхан үрстээ хамгийн хямд үнээр…” гэсэн зарчимыг баримталж ажилладаг гэнэ. “Содон”-гийн бүтээгдэхүүнүүд үнэхээр ч содон үнэтэй юм билээ.

Жишээлбэл, хөвөн даавуу материалаар хийсэн ретүүзэн өмднүүд ердөө л 8000 төгрөг, тэгсэн хэрнээ бас хоёрыг авбал нэг үнэгүй гэнэ. Мөн хүүхдийн зузаан боди өлгий ердөө л 10 000 төгрөг. Дээрх хоёр урамшууллыг зөвхөн Хүннү молл цогцолборт болж буй Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд зориулан зарлаж байгаа гэдгээ онцолно лээ. Биеийн тамирын хөвөн даавуу, өнөөх миний сэтгэлийг татаад байсан цамцнууд өмдтэйгээ хосоороо 25 000 төгрөг.  Зузаан, нимгэн өлгий, даавуу, хувцасны ком бүгд багтаад 63 000 төгрөг. Бас 100-200 мянган төгрөгнөөс дээш худалдан авалт хийвэл үүргэвчний гадуур углааг үнэгүй бэлэглэж байгаа гэнэ.

Тэр цамцны чухам юу нь миний сэтгэлийг тэгтэлээ татаад байсныг бүсгүйн ярианаас л ойлгов. “Содон”-гийн хувцас, өлгийнүүдийг эхийн хайраар урласан юм байна. Тэгээд л тийм зөөлөн, тийм дулаахан, тийм тав тухтай санагдаж л дээ.

Ц.БАТТУЯА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш