logo
“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлт тавилаа

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлт тавилаа

2017/02/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй Монгол Улсад суугаа Орос иргэдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийн дарга Шорваева Татьяна Вильнюсовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шорваева Татьяна Вильнюсов НИТХ-ын дарга Ц.Сандуйд хандан хэд хэдэн хүсэлт тависан юм. Тэрбээр “Ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр Монгол, Орос иргэд ба Халх голын дайны ахмад дайчдын хамт дэлхийн хотуудад сүүлийн жилүүдэд түгээмэл тэмлэглэж буй “Бессмертний полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлтэй байна. Мөн “Нээлттэй ертөнц” залуу уран бүтээлчдийн олон улсын фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг фестивалд 20 орчим улсын залуу уран бүтээлчид оролцдог төдийгүй тэдний авьяасыг тодруулах, хөгжим, урлагийн талаар туршлага солилцох, үндэстэн хоорондын болоод олон улсын харилцаа, холбоог бэхжүүлэх, ёс заншлаа харилцан хүндэтгэх занг төлөвшүүлэх олон давуу талуудтай. Түүгээр барахгүй Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний сонирхолыг татах чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна НИТХ-ын дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах хүсэлтэй байна.Эдгээр асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх тал дээр таны санал бодлыг сонсохыг хүсч байна” хэмээсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхний тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байна. Ялангуяа залуу уран бүтээлчдийн фестивалыг дэмжин оролцох болно. Бидний зүгээс зохион байгуулалтаас авахуулаад бүхий л боломжоороо дэмжин ажиллахаа илэрхийлье. Жагсаал зохион байгуулах тал дээр та бүхэн албан ёсны хүсэлтээ холбогдох албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Бид судлан үзэж нааштайгаар шийдэхийг хичээх болно” хэмээлээ. Мөн “НИТХ-ын дэргэд дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах нь зүйтэй” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш