Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яамнаас ажлаа эхлүүллээ. Ажлын хэсэг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Америк, Ойрхи дорнод, Африкын газрын захирал Д.Гансүх, Төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Консулын газрын захирал н.Мөнхтүшиг, Ази номхон далайн орны газрын захирал Д.Ганболд, Дипломат ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий, Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Байгалмаа нарын удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж ажлын удирдамж, хамрах хүрээг танилцуулав.
Түүнчлэн энэхүү уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх зарчим, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон тус яамны дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл байгуулж, гишүүдийг сонгон шалгаруулах талаар танилцуулга хийлээ.
Ажлын хэсэг энэ сарын 17-ны өдрүүдэд тус яаманд ажиллаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцахаар тогтов.