logo
Дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрлээ

Дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрлээ

2011/11/02
Дэлхийн хүн амыг тоолж, судалж байсан мэргэжлийн байгууллагууд 10 дугаар сарын 31-ний өдөр 7 тэрбумд хүрлээ гэж зарласан байна. 10-аад жилийн өмнө дэлхийн хүн ам 6 тэрбумд хүрч байхад манай гариг энэ олон хүнийг тэжээж дийлэх үү гэдэг асуулт тавигдаж байсан. Английн эрдэмтэн Томас Мальтус хүн амын өсөлт ба хүнсний хүрэлцээний харилцан хамаарлын талаар ном бичиж, нэгэнт газар хязгаарлагдмал тул хүнс хязгаарлагдмал болно. Өөрөөр хэлбэл хоол хүнс хүрэлцэхээ байхаар дайн байлдаан болж өвчин эмгэг тархан хүний тоо хүнснийхээ хэрэгцээ хүртэл цөөрдөг болохыг баталж байсан. Дэлхийн 2-р дайнаас өмнө энэ хууль үйлчилж байсан. Харин 1980-аад оноос шинжлэх ухаан технологи хөгжиж биотехнологи гэдэг шинэ салбар бий болсноор цоо шинэ үржил шим өгдөг амьтан, ургамал, бичил биетнүүд зөндөө бий болсон гэхээр Мальтус буруу тооцоолжээ. Өнөөгийн технологийн төвшинд манай дэлхий америк стандартаар 10 тэрбум хүнийг тэжээж чадна. Цаашид ч шинжлэх ухаан технологи хэр хөгжихийг хэн ч тааж мэдэхгүй. Учир нь Дэлхийн 2-р дайны үед одоогийн дижитал ертөнцийн талаар ойлголт ч байгаагүй. Гэхдээ өнөөгийн дэлхийд өлсгөлөн огт байхгүй гэж хэлж болохгүй. Хүнсний байнгын дутагдалд 900 сая хүн нэрвэгдэж байдаг гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна. Энэтхэгт 200 сая, Хятадад 150 сая, Африкийн орнуудад олон сая хүн байнгын хүнсний дутагдалд өлсөж байгаа хэмээн Дэлхийн хүнсний байгууллага тооцсон байна. Хоол ундгүйгээсээ болж өлбөрч үхэж байгаа бус, харин шаардлагатай калорлиг хүнс хэрэглэж чадахгүй байвал өлсгөлөнд тооцогддог байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш