Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
- “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
- Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.
- “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.