Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна.
Тэгвэл зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000-аад хүн ажиллаж байна. Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ.
Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна. Хажууханд гэр хорооллын суурьшлын бүс байдаг бөгөөд айлуудын хашаа байшинд цууралт өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид баталж байгаа юм.
Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна.
Нэгэнт байгаа байгалийн баялагийг ашиглаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь иргэдийн буруу биш боловч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь чухал юм. Тийм ч учраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж эхэлжээ.
Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа ажээ.