Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна. Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.