logo
Нийслэлийн хамгийн олон хүн амтай хорооны ӨЭМТ-д түргэний машин бэлэглэлээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай хорооны ӨЭМТ-д түргэний машин бэлэглэлээ

2017/03/31

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна.

Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Отгонсүх “Одонт манал” Өрхийн эрүүл мэндийн төвд түргэний автомашин бэлэглэлээ. Тэрбээр хэлэхдээ “22 дугаар хороонд хамгийн их тулгамдсан асуудал нь өрхийн эрүүл мэндийн төвийн түргэний машины асуудал байсан. НИТХ-ын санаачилгаар явагдаж байгаа “Иргэдээ сонсъё” аяны үеэр ч иргэд маань түргэний машины асуудлыг хэлж байсан. Үүнийг хувиасаа шийдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.” гэлээ.

Түргэний машингүй ч иргэддээ хүрч үйлчлэхийн тулд хувийн авто машинаараа ч дуудлаганд явдаг гэдгээ эмч нар хэлж байсан юм. “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Оюунчимэг хэлэхдээ “Манай төв 2007 онд 5920 хүнд үйлчлэхээр байгуулагдсан. Өнөөдөр 26 мянган хүнд үйлчилж байна. Ачаалал ихтэй. Зөвхөн хүүхдийн эмч гэхэд нэг өдөрт 70-80 хүүхдэд үйлчилдэг. 2012 оноос хойш түргэний машин шийдэж өгөх хүсэлтээ холбогдох хүмүүст тавьсан. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх асуудлыг маань шийдэж өгсөнд бид маш их баяртай байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш