logo
Засгийн газар айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр боллоо

Засгийн газар айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр боллоо

2011/11/03
Гэхдээ энэ хөнгөлөлт “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд хамаарна. Тэдгээр өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлав.
Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болж байна.
Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхийн цахилгааны /зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн/ үнийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаатай уялдуулан 50 хувиар бууруулж урамшуулахаар болж байна. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болголоо. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм.
Болзол, шалгуур хангасан хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж харилцан гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгажээ.
Урамшуулалд хамрагдах хэрэглэгчид дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм, нормативын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам боловсруулах аж. Тэгвэл цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч ашигладаг, шахмал, хагас коксон түлш хэрэглэдэг айл өрхийнхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам боловсруулах үүрэг хүлээж байна.  
Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш