logo
Сонгуулийн автоматжуулсан системтэй ажиллах хүмүүсийг сургаж, тусгай гэрчилгээ олгоно

Сонгуулийн автоматжуулсан системтэй ажиллах хүмүүсийг сургаж, тусгай гэрчилгээ олгоно

2011/11/03
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүн Ж.Батсуурийн ахласан ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 20 гаруй, найруулгын чанартай 14 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ хууль батлагдсанаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулагдаж, санал тоолох автомат машины найдвартай ажиллагааг хангах ажлыг хариуцан гүйцэтгэх юм байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системтэй ажиллах хүмүүсийг энэ төвд сургаж бэлтгэн автомат техникийг ажиллуулах эрхийн тусгай гэрчилгээ олгох аж. Автоматжуулсан системийн программ хангамжийг баталгаажуулан хэрэглэх үүргийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар төсөлд тусгажээ. Сонгуулийн автоматжуулсан системийн захиалагч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой, харин гүйцэтгэгч нь мэргэжлийн өөр байгууллага байж болох юм гэдгийг зарим гишүүн хэлж байв. Харин гишүүн Д.Энхбат сонгуулийн автоматжуулсан систем гэдэг нь зөвхөн хэдэн техник биш, үүний цаана улс төрийн том хариуцлага байгааг анхааруулж байлаа. Мөн тэрбээр цахим баримт бичиг, цаасан баримт хоёр зөрвөл аль нь хүчинтэй байхыг лавлаад эндээс том маргаан үүсч мэдэх учраас электрон баримтыг албан ёсоор төрийн баримт бичиг болгож хуульчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Байнгын хорооны гишүүд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн.
Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн автоматжуулсан машин авахад зориулан 2011 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавын хэлснээр, нийлүүлэгч талтай гэрээ хэлцэл хийж байж үнийн дүнг тохирох бөгөөд ддоогийн багцаагаар гаалийн татварыг оруулж тооцоход автомат машины нийт үнэ 25.8 тэрбум төгрөг байхаар байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш