logo
Өмнийн говийн зам зорчих дөрвөн хэсэгтэй болно

Өмнийн говийн зам зорчих дөрвөн хэсэгтэй болно

2011/11/03
Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлийг шийдвэрлэх тогтоол гаргажээ.  Энэ хүрээнд өмнийн говийн өнөө болон ирээдүйн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангах, хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 зорчих хэсэгтэй болгох, уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.
Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг ирэх оны II улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгасан байна.
Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барихыг “Оюутолгой” компанид хариуцууллаа. Гэхдээ энэ нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх, цахилгаан станц нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ашиглана гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна.
Тогтоолд хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг мөн тусгажээ. 
Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон байна.
Энэ дагуу замыг 4 зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөсөн 2 зорчих хэсэгтэй замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зам барих ажилд  бусад хөрөнгө оруулагчийг оролцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид  хариуцууллаа.
Уул уурхай, дэд бүтцийн хөгжилд ус ихээхэн шаардлагатай учир эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, цаашид усны өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах талаар ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргажээ.
Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншанд орчимд газрын доорх усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, усны ашиглах боломжит нөөцийг тогтоохыг салбарын сайд, харъяа агентлаг болон аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Мөн Орхон, Сэлэнгэ голд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийг судлан, зураг төсөл боловсруулах ажлыг энэ оноос, барилгын ажлыг 2013 оноос эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ онд багтаан Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын зардалыг гаргаж, боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөхийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцахаар болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш