Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог өнөөдөр /2017.04.06/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.
Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, соёл, зам тээвэр зэрэг салбарыг хамарсан өргөн хэлэлцүүлэг хийж байна.
Энэ үеэр хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.
Монгол Улсад 2016 оны байдлаар Италийн хөрөнгө оруулалттай нийт 52 компани худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 36,8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2016 онд 65,5 сая ам.доллар байснаас экспорт 33,5 сая ам.доллар, импорт 32 сая ам.долларт хүрсэн байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.