logo
 Зуун дамжих үнэт өв

Зуун дамжих үнэт өв

2011/11/03
Гайхамшиг бүхэн энгийн биш, үнэхээр эрхэмсэг агаад яндашгүй үнэт эрдэнэ бөлгөө. Уужуухан монголын уужимхан ард түмний  нүүдэлчний  их соёл иргэншил,  ёс заншил, уламжлалт дэг жаяг бүхэн нь монгол ардын дуу хуурын гайхамшигт өв соёлтойгоо зуун зууны турш он жилийг өртөөлөн  уламжлагдан хадгалагдаж ирсэн гайхамшигт түүх соёл  байдаг билээ. Энэ соёлт ертөнцийг дэлхийн улс орнуудаас ялгаж дэвшилтэт бусдаас  сорчилж,  онцлог давуу талыг харуулж байдаг урлаг уран сайхны хэв маяг маш олон байдаг. Морин хуур, уран нугаралт зэрэг үндэсний бахархал олонтой ард түмний нэгэн нэрийн хуудас нь “Уртын дуу” түүний мартагдашгүй, чихэнд чимэгтэй хөг аялгуунууд байдагт оршино. Уртын дууны эх нь Монгол хэмээх цогц соёлтой ард түмнээс гаралтай юм.  Уртын дуу нь аль эрт цагаас Хүннү, Сүннү-гийн үед Монголд оронд дэлгэрсэн байжээ. Түүнийг  хоёр  мянган жилийн тэртээ хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байна. Монголын өргөн уудам тал нутаг монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж үзэж ирсэн. Амьдралын энэ онцлог нь уртын дуундаа шингэсэн байдаг бөгөөд жинхэнэ амьсгааны урлаг юм. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй. Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээр хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн агуу гайхамшигт соёлын үнэт өв юм. Энэхүү өв соёлын үнэ цэнийг дэлхийд алдаршуулах шинэ залуу үе ар араасаа түрэн гарч ирж байгаа нь бахархууштай, үнэлүүштэй ажил хэрэг болж байгаа нь өнөөдрийн уртын дууны хөгжлийн үе шат, явцын дунд илрэн гарч байгаа юм. Тиймээс ч манай орны уртын дууны хөгжлийн чиг хандлага нэгэнтээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд байгаа юм.  
Монгол үндэстний уртын дууг “Хүн төрөлхтний аман болон биет бус өвийн төлөөлөх бүтээл”-ээр өргөн мэдүүлэх төсөл болгосныг НҮБ-ын ЮНЕСКО дэмжсэн юм. Манай нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний тухайд Монгол үндэстний ардын уртын дуу бол ил тод нүүдлийн соёл, бүс нутгийн соёлын онцлогтой өвөрмөц дуулах хэлбэр болно. Тэр нь тал нутгийнхны өвөрмөц хэлээр монгол үндэстэн түүх соёл, хүмүүнлэгийн зан заншил, ёс суртахуун, гүн ухаан болон гоо зүйн ойлголтын тухай тодорхойлол байдаг юм. Уртын дуу бол Монгол угсаатан дунд үүссэн хүн төрөлхтний өв санд монголчуудыг оруулсан хувь нэмэр болох учиртай. Тийм ч учраас Юнеско-гоос үүнд анхаарал тавьж бүртгэж ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.
Уртын дуу нь  Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны нэг төрөлд ордог. Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж,  шуранхайлан дуулдаг.  Дөрөвхөн  минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий. Гүн ухааны, шашны, романтик, баяр ёслолын гэх мэт олон янзын сэдэвтэй байдаг. Ихэвчлэн  морин хууртай хоршиж дуулах бөгөөд заримдаа  лимбэ оролцоно. Монгол уртын дуучин Лхажавсүрэн ийн хэлсэн байдаг: “ Уртын дуу нь монгол үндэстний дуу хөгжмийн соёлд хамгийн их нөлөөлөх чанартай, тэр нь монгол үндэстний ой билэг оюун болон сэтгэлийн гүн дэх сэтгэгдлийг бүрэн дүүрэн илтгэдэг” . Энэ их өв соёл уламжлалын анхдагч соён дэлгэрүүлэгч ард түмний хайрлан хүндэлдэг ардын авъяастан нарын гүйцэтгэсэн үүрэг монголын соёл урлагт товойн гарч ирэх юун. Тухайлбал: Уртын дууны эх болсон хvн нь Шvхэрийн Дамба.  Энэ хvн уртын дууны Хэнтий чигийн “Хар Дэл” аялгууны гол төлөөлөгч  нь байжээ. Тvvний хоёр шавь нь хожим  уртын дууны ноён оргилууд болсон Майдарын Мeрринчин (1881-1926) болоод Лувсангомпил (1870-1967) гуай нар. Мeрринчин буюу Дашринчин нь арван засгийн наадмын аварга цолтой хvн байжээ. Сvжигт вангийн хатан байсан Лувсангомпил гуай бол Хэнтийн Хэрлэн чигийн хvн бөгөөд Их Дууч Дорждагва гуайд 3 жил уртын дуу заасан багш нь, олноо Чуганц багш гэж алдаршжээ. Дорждагва гуай зvvн чигийн маш олон дуу мэддэг байсан. Багшаасаа бараг бvх л дууг нь заалгаж сурчээ.

Магсархурцын Дугаржав (1893-1946) бол Их Дуучны хамгийн гол багш нь байлаа. Дугаржав гуай Мeрринчин гуайн шавь нь байсан болохоор багшийнхаа болоод өөрийн мэддэг бvхнээ Дорждагва гуайд болон тухайн vеийн бусад дуучдад харамгvй зааж байжээ. Жишээ нь “Дөрвөн Цаг” дууг Мeрринчингийн аяар, Дугаржав гуайн зааснаар Дорждагва гуай сурчээ.
Их Дууч Дорждагва гуай анхны багш Чимэдцэрэн (1885-1937)-гээ уртын дууг хоёр өөр хувилбараар дуулдаг байсан гэж онцолдог. Тухайлбал “Хар Дэл” аялгуунаас гадна Баянбараат аялгуугаар Чимэдцэрэн гуай бас дуулдаг байжээ. Энэ бvхэн нь Дорждагва гуай Засагт ханы, Тvшээт ханы, Сэцэн ханы, Бараатын, Боржигоны, Хурх Биндэр буюу Хар Дэл, Дарьгангын зэрэг нутаг нутгийн олон өөр хувилбар аяар, олон дуунуудыг дуулж чаддаг болоход нь нөлөөлжээ. Монгол эх орныхоо уул ус, газар шороо, нутаг усныхаа жаврыг үргээсэн зон олны таашаал хүртсэн олон арван уртын дууг бид мэднээ. Тухайлбал дараах уртын дуунуудыг монгол түмнээрээ шагшин магтаж үеийн үед уламжлан гайхуулж ирсэн билээ.
Эртний сайхан, Түмэн Эх /дотроо Төрийн Түмэн Эх, Шажин Түмэн Эх, Морины Түмэн Эх гэж 3 ангилдаг./ Төрийн Товч, Хуур Магнай, Ар Хөвч, Дуртмал Сайхан, Эр Бор Харцага, Хоёр Бор, Дөрвөн Цаг, Жаахан Шарга, Тоорой Банди, Хэрлэнгийн Барьяа, Өвгөн Шувуу Хоёр, Зээргэнэтийн Шил, Холч морь, Нарийн сайхан хээр, Жавхлант сүрэг, Замба тив, Хулст нуур, Эрдэнэ засгийн унага, Их сайхан халиун, Үрээ зээрд, Хүрэн жороо, Уртын сайхан хүрэн, Сэтэрт шарга, Цэвцгэр хурдан шарга, Магнай түргэн, Урьхан хонгор салхи, Хүрэн толгойн сүүдэр, Саруул тал, Ончин цагаан ботго, Дөрвөн настай халиун, Энх мэндийн баяр, Найман тахил, Ялгуулсан эрхт, Хурдан сайхан, Хүрэнгийн жороо,Алтан Богд, Хүүхэн Хутагт, Мэртийн цагаан буян зэрэг мартагдашгүй сайхан аялгуунууд олон түмэнд санагалздаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш