logo
ҮДБЭЧ-ны дуучин Г.Энхбаатар: Мартагдсан аялгууг тайзнаа амилуулав

ҮДБЭЧ-ны дуучин Г.Энхбаатар: Мартагдсан аялгууг тайзнаа амилуулав

2011/11/03
“Морьтон ардын - Түмний эх” нэртэй уртын дууны улсын анхдугаар уралдааны тэргүүн  байрын шагналт  ҮДБЭЧ-ны дуучин Г.Энхбаатартай  ярилцлаа
-Уртын дууны  “Морьтон ардын -Түмний эх” нэртэй уралдаанд тэргүүн байр эзлэсэн явдалд тань баяр хүргэе.  Энэ жилийн уралдааны онцлог давуу тал нь  юу байв?
-Анх удаагаа “Морьтон ардын -Түмний эх”  нэртэй улсын чанартай уртын дууны уралдаан зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд газар газрын дуулаачид, ардын авъяастанууд,  мэргэжлийн болоод мэргэжлийн бус уртын дуулаачдыг  өргөн цар хүрээтэйгээр хамруулж чадсанаараа онцлог юм. Монгол хүн  эрийн гурван наадамтай байдаг учраас монгол орныхоо  уужим сайхан хөдөө хээр талд эрхий мэргэн  сур харваачид, шандаст хүлэг сайн  морьдынхоо хийморь сүлдэн дор дуу хуураа өргөн барьж, уртын дууны уралдаан  сайхан болж өндөрлөлөө. Үүгээрээ ч бас онцлог давуу талтай болсон юм.
-Энэ удаагийн уралдааны зорилго нь юу байв?
-Монгол үндэстнийхээ  гайхамшиг болсон уртын дуугаа дэлхий дахинд сурталчлах,цаашид  хөгжүүлэх, уртын дуу дуулах уламжлалт зан заншил,  дэг жаяг, ур чадварыг  сэргээн хөгжүүлэхэд энэ удаагийн уралдааны зорилго оршиж байгаа юм.
-Уралдааныг  нэлээд онцлогтой зохион байгуулсан гэж сонссон. Соёл урлагийн болон бизнесийн байгууллагууд бас оролцсон юм биш үү?  
-Уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан.  Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангилалаар. Нийтдээ  90 орчим дуулаачид ур чадвараа сорьж  оролцлоо.  Таны асууснаар бизнесийн болон соёл урлагийн олон арван байгууллагууд  оролцсон. Урлагийнханд маш их урам хайрласан.
-Тухайлбал?
-“Ажнай” корпораци, БСШУЯ-ны Соёл урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллеж, Монголын уртын дууны холбоо зэрэг байгууллагуудыг нэрлэхэд таатай байна. 
-Хүчтэй өрсөлдөгчид,  гоц сайхан авъяастанууд олон байв уу?
-Тэгэлгүй яахав.  “Уртын дууны улсын анхдугаар уралдаан”-д  найман настай балчираас наян настай буурлууд  хүртэл ирж оролцлоо.  Нутаг усныхаа ард олондоо хүндлэгдсэн   ардын авьяастан гэхэд л  54,  мэргэжлийн дуулаачид   гэхэд л 29.  Маш их өрсөлдөөнтэй, урлагийн  авъяас  чадварыг нээлттэй  сорьсон сорилт болж байсан. Сүүлчийн шатанд ардын авъяастан ес, мэргэжлийн дуулаачид  ес  тунаж  өрсөлдсөн. Хүй долоон худагт жинхэнэ морьтон ардын уртын  дуу хуураар  бялхаж байсан. Хэн бүхний сэтгэлд хоногшиж  үлдэхээр сайхан ч уралдаан боллоо  л доо.
-Мартагдсан аялгуунууд байв уу.  Ямар ямар аялгуунууд байна ?
-Мартагдсан аялгуунууд бас байна. Нутаг нутгийн аялгуугаар  дуулж байгааг сонсоход маш гайхалтай санагдсан. “Ардын авъяастан”   гэдэг  уралдаанд мэргэжлийн бус  дуулаачид  маань мартагдсан аялгуугаар  ихэд  дуулж өрсөлдсөн. Сонсоход үнэхээр сайхан байлаа. Тухайлбал Дундговийн алдартай дуулаачид тэр мартагдсан аялгууг  сэргээн дуулж байсан нь таатай байлаа.
-Ямар ямар аялгуунууд уртын дууны хөгжилд илүүтэй түрэн орж ирж байна.  Бэсрэг уртын дуу, Халх уртын дуу зэргийн ялгаа ялгарах онцлог нь юу байна?
-Уралдаанд оролцсон  дуулаачид маань ерөнхийдөө ихэвчлэн  “Төв халх”  аялгуугаар дуулцгааж байсан.  “Боржигон”, “Баянбараат” зэрэг аялгуу нэлээд дуулагдаж байсан.  Төв халхын айзам аялгуу бас  түгээмэл  дуулагдаж байна.  Бэсрэг уртын дуу нь нийтлэг  тэр тусмаа Боржигон аялгуу нь бусдаасаа арай өөр. Төв аймгийн Баянбараат, Боржигон аялгуу нь ном уншиж байгаа маягын  аялгуутай байдаг . Харин Барга ,Үзэмчин аялгуу нь Өвөрмонгол тал руугаа ихэд  илүү хөгжсөн.
-Та ямар дуугаар энэхүү наадамд  оролцов?
-Би эхний түүвэрт монгол ардын дуу “Цэвцгэр хурдан шарга”,  дараагийн түүвэрт монгол ардын дуу “Түмэн эх”  гэдэг дууг дуулж амжилттай оролцлоо.
-Энэхүү уралдаанд оролцсон уртын дуулаачдын хоолойны цар хүрээ, ур чадвар  хэр байв?
Дуулаачид мэргэжлийн өндөр  түвшинд  маш сайн бэлтгэгдсэн байна. Уртын дууны өнөөдрийн түвшин сайн  байгаа юм гэсэн сэтгэгдэл надад  төрсөн.   Одоо хүүхэд залуучууд багаасаа уртын дууг дуулж, мэрэгжлийн түвшинд сайтар  бэлтгэгдэж байгаа. СУИС-д миний багш Дэлгэр, Батболд, Чулуунцэцэг зэрэг багш нар маань “Шавь сургалт”-ыг  явуулж байгаа нь уртын дуу хөгжихөд чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг.  Энэхүү нэр хүндтэй  уралдаанд тэргүүн байрт  шалгарсан маань миний багш нарын ач шүү дээ.
-Таны цаашдын зорилго гэвэл?
-Дэлхийд танигдсан уртын дууныхаа  гайхамшгийг хөгжүүлэхийн төлөө ажиллах л үлдсэн.
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш