logo
Ардчилсан нам 18 нас хүрээгүй иргэнээс хандив авахгүй

Ардчилсан нам 18 нас хүрээгүй иргэнээс хандив авахгүй

2011/11/04
Ардчилсан нам www.handiv.mn вэб сайтаар дамжуулан дэмжигч гишүүдээсээ хандив цуглуулах аян эхлүүлээд байгаа талаар АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Аливаа намын санхүүжилт далд биш ил тод, бохир биш цэвэр, хаалттай биш нээлттэй байх ёстой. Тийм ч учраас манай нам гишүүд дэмжигч, ард иргэдээс хандив цуглуулах ажлыг ил тод эхлүүлж байна хэмээн тэд хэллээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчид тус вэб сайтад нэвтэрч тусгай дугаарт мэссеж илгээхээс гадна нэгж илгээх журмаар мөн дансаар болон банкныхаа картаар хандив өргөх боломжтой аж. Хандив өгч байгаа иргэд тухайн вэб сайтаас хэн, хэдэн төгрөг өгсөн бас юунд зарцуулсаныг нь харах боломжтойгоороо намын санхүүжилт ил тод явагдана гэж тэд үзэж байна. Хандив өгөхийг хүссэн иргэд энэ вэб хуудаснаас АН, АН-аас санаачилсан “Монгол хүн 2020” хөтөлбөр, “Ардчиллын Өргөө” болон Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа болох Эдийн засгийн хувьсгал гэдгээс сонгож хандив өгч болох ба дэмжигч иргэн жилд нэг удаа хоёр сая хүртэлх төгрөг, харин аж ахуй нэгж байгуулага жилд 20 хүртэлх сая төгрөгийн хандив өгөхөөр хязгаар тогтоожээ. Мөн энэ үеэр 18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, байгууллага, шашны байгуулага гэх мэт Улс төрийн намын тухай хуулиар хориглосон этгээдээс хандив авахгүй гэдгээ АН-ын дарга хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш