“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр бүжигчин бүсгүйг гэрлийн хурдаар сониуч олны овоо хараанд оруулах нь тэр. Түүний залуу нас, гоо үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, бас тэр хэрээрээ түүний тухай “онгичих”-од хүргэсэн удаатай. Мэдээж энэ бол ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа юм. Хэдийгээр олонд танигдсан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуйн дүр ч угтаа М.Бямбаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн.
ХБК-д байхаасаа “Амор” бүжгийн хамтлагт бүжиглэж, “Pink” хамтлагт дуулж явсан нь гээд түүний урлагийн гараа эхэлдэг. Тухайн үедээ “Pink” хамтлаг нь хэд хэдэн дуу, клипийг гаргаж амжсан ч бүжигчин болох багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэр эргэж буцалгүй хамтлагаа орхисон гэдэг.
Эндээс нэг их удалгүй чуулгын шалгуур өндөр босгыг давсанаас хойш арав гаруй жилийг үдсэн байх агаад чуулгын тайзнаа “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл” тэргүүтэй олон бүжгэн жүжигт тоглосон байдаг юм билээ.
Тэрээр өөрийгөө бага зэрэг шуналтай нэгэн гэж тодорхойлсон нь бий. Тиймдээ ч олон янзын дүр бүтээхийг хүсдэг гэх бөгөөд идэр залуу насандаа ганцхан бүжиглээд зогсохгүй өөрийгөө олон талаар сорьж, үүгээр өөрийгөө хөгжүүлэхсэн. Бүжигчин бол залуу насны мэргэжил. Нас ахихын хэрээр хүссэн, хүсээгүй тайз бид нарыг голоод л ирнэ шүү дээ хэмээн яаравчлах нь бий.
Тайз бас дэлгэцнээ ийнхүү тун ч олон дүрд хувилах бүжигчин шувуухай дөрөвдүгээр сарын 28-нд Бишрэлтийн “The Embassy” ресторанд болох “TOKYO NIGHT -2017”-д Япон бүсгүйн дүрд хувирна.
Бэлтгэл хэдийнэ эхэлсэн гэх бөгөөд зөвхөн тэр үдэш Япон Бямбааг харах л үлдлээ.