Баянзүрх дүүргийн ИТХ-д 16 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч П.Төмөрхуяг, Н.Мөнх-Эрдэнэ нар тойргийнхоо иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ойрын үед төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Ч.Цэвэгмид, Г.Хонгор, Ц.Энхбаатар нар оролцов. Мөн дүүргийн Газрын алба, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн оролцож, газар өмчлөл, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн талаарх тулгамдсан асуултад хариулт өгсөн юм.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны хувьд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, үерийн далан барих, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд тулгамдсан асуудал цөөнгүй. Тэр дундаа 44 дүгээр сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа бөгөөд өргөтгөл барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Мөн даацын хана, дээвэр нь хагарч цуурсан, аюул эрсдэлтэй, “Хүн амьдрах боломжгүй” гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан хуучны гурван байрыг нурааж шинээр барих асуудал тулгамдаад буй.
Энэ бүхнийг уулзалтын үеэр ИТХ-ын төлөөлөгчид, хорооны иргэд ярилцаж, ажил хэрэгч санал санаачлага гаргаж, шүүмжлэлийг ч өрнүүллээ. Тухайлбал, хэзээ ч нурж мэдэх аюултай хуучны гурван байранд амьдарч буй 100 гаруй өрхийн асуудлыг шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад хүргэх хэрэгтэй гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс “Алдар” нийгэмлэгийн өмнөх зассан талбайд автобусны зогсоол барих, “Баянзүрх” худалдааны төвийн засмал замд ус зайлуулах хоолой тавих, байнга аваар осол гардаг 8 дугаар цэцэрлэгийн урд гэрлэн дохио суурилуулах, хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөрүүлэх, шинээр барилга барихдаа хорооллын дундах замыг эвдсэн барилгын компаниудад хариуцлага тооцох, ашиглалтад орж буй орон сууцыг хүлээж авах улсын комисст хорооны иргэдийн төлөөллийг оролцуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг төлөөлөгчдөөсөө хүссэн.
Хорооны 200 гаруй иргэд хүрэлцэн ирсэн уулзалтын төгсгөлд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуяг хорооныхоо хөгжил зориулсан сан байгуулж байгаагаа дуулган анхны хандивыг өргөсөн юм. Энэхүү “Хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 16 дугаар хороонд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тэдний санал санаачлагаар бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.