logo
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017/04/26

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2017.04.25) хуралдаанаар Зөрчлийн тухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар шүүх оногдуулахаар тусгасан ба баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох зарчмын шинжтэй саналыг тусгасан байна. Тухайлбал, танхайрах, зүй бусаар биеэ авч явах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, жагсаал цуглааныг зохион байгуулах журам зөрчих, эрүүл мэндийн тухай хууль зөрчих, хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчилд торгох, баривчлах шийтгэл сонгож оногдуулахаар тусгасан гэлээ.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдүүлсэн үйлдэлд хариуцлага оногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зэрэг зөрчлүүдэд хариуцлага оногдуулах зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн төсөлд шинээр нэмж оруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуулийн төслийн зарим зохицуулалт Эрүүгийн тухай хуультай давхцаж байгаа эсэхийг тодруулсан юм. Эрх зүйн эсрэг чиглэсэн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар их бол эрүүгийн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар харьцангуй бага бол зөрчил хэмээн тооцож, хуульд томъёолж оруулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч тайлбарлав. Жишээлбэл, ямар нэг эд, зүйл гэмтээж, устгаагүй, нийгмийн нийтээр тогтоосон дэг журмыг зөрчсөн, олон нийтийн үйл ажиллагааг таслалдуулсан бол үүнийг Зөрчлийн тухай хуулийн төсөлд танхайн зөрчил хэмээн томъёолж, тусгаад торгох болон баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан. Харин нийгмийн хор аюулын шинж чанар ихтэй танхайн үйлдэл бүрийг шинж, сэдэл, зорилгыг харгалзан Эрүүгийн хуульд бие даасан гэмт хэрэг болгон зүйлчилсэн хэмээн Х.Нямбаатар гишүүн хариулт өглөө. Төсөлд тусгагдсан эрх хасах шийтгэлийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хариултдаа, эрх хасах энэхүү шийтгэлийн хэлбэр нь 1992 оноос хойш хэрэглэгдэж байгааг дурдаад “Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгагдсан 1600 төрлийн зөрчил бий. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн эрхийг хязгаарлах, аудитын дүрэм журам зөрчсөн санхүү, нягтлан бодогчдыг мэргэжлээрээ ажиллах хугацааг тодорхой хугацаагаар хязгаарлах, эмчилгээний хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг хуулийн төслийн тусгай ангид заасан 16 тохиолдолд эрх хасах шийтгэлийг нэмэгдэлээр оногдуулж болохоор зохицуулалт тусгагдсан” гэв. Харин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баривчлах шийтгэл оногдуулах хэлбэрийг оруулж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан илэрхийлсэн юм. Түүнчлэн хэлэлцэж буй төслөөр зөрчил гаргасан хувь хүнд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 20 сая төгрөг, харин хуулийн этгээдэд 200 сая төгрөг байгаа нь хэрэгжих боломжтой эсэхийг лавлав. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй захиргааны шийтгэл ногдуулах зохицуулалт бүхий 240 гаруй хуульд торгуулийн шийтгэл ногдуулах хэлбэр нь харилцан адилгүй байгаа гэдгийг Ажлын хэсэг тодотголоо. Зарим хуульд тодорхой тоо тавьсан бол, зарим нь интервалтай, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан торгох гэсэн гурван төрлийн аргачлалаар өнөөдөр захиргааны шийтгэл ногдуулж байна. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баримталсан үндсэн концепци бол нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанараараа гэм буруугийн асуудал яригдаггүй, харин нийгмийн тодорхой дэг журам, хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулах асуудал гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлалаа. Хуулийн төслийн ерөнхий ангид зөрчил гаргасан хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 200 сая төгрөг хүртэл гэж бичсэн байгаа ч тусгай ангид хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 100 сая төгрөг байгаа гэдэг хариултыг өгсөн юм. Түүнчлэн ял шийтгэл гарцаагүй байх зарчмын хүрээнд нэг төрлийн зөрчилд хуулийн этгээд, хувь хүнд торгуулийг тус бүрт нь ногдуулахаар тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлалаа.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 73 санал болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш