logo
Шведийн Вант Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шведийн Вант Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017/04/28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шведийн Вант Улсын Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Шведийн Вант Улсын Бээжин дахь Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Якоб Холтуис болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Шведийн Вант Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Линдстэд Монгол Улсын Ерөнхийлөгчид “Итгэмжлэх жуух бичиг” өргөн барихаар ирсэн аж. Тэрбээр нийслэлийн удирдлагатай уулзаж хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдлыг бууруулахаар авч буй бодлого, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

Хотын дарга С.Батболд “Бид бүхий л талаар хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар сэрүүн бүсийн хот учир Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон насжилт ихтэй хуучны орон сууцны дулаан алдалтыг багасгах тал дээр танай улсаас туршлага судлах хүсэлтэй байна. Мөн бид Улаанбаатар хотыг ногоон хот болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ тал дээр та бүхэн туршлагаасаа хуваалцаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломж бий. Нийслэлийн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Бид Шведийн хотуудтай харилцаа холбоотой ажиллах сонирхолтой. Улаанбаатар хот дэлхийн 30 гаруй хоттой эгч дүү болон найрамдалт харилцаатай. Таныг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танд ажлын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Элчин сайд хатагтай Анна Линдстэд “Уулзалтын өмнө НҮБ түүний харьяа байгууллагууд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн талаар уулзаж ярилцсан. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан томоохон асуудлууд тулгарч байгаа. Улаанбаатар хот хог хаягдлын удирдлагын тогтвортой тээвэрлэлтийн асуудал тулгарч байгаа гэдгийг хэлж байсан. Бид эрчим хүч, уул уурхай, тээвэрлэлт гэх мэт олон асуудал дээр хамтран ажиллах боломжтой нь харагдаж байна. Богинохон хугацаанд ирж байгаа хэдий ч маш олон салбарт хамтран ажиллах санаа төрж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш