logo
Налайх дүүрэгт 50 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн шавыг тавилаа

Налайх дүүрэгт 50 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн шавыг тавилаа

2017/04/28
БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт баригдах Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн шавыг өнөөдөр тавилаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын талаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, "Хангарьд-Улаанбаатар" ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга З.Раднаабазар нар оролцсон бол хөрөнгө оруулагч талаас  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Элчин зөвлөх Яан Чиндун, Гуравдугаар нарийн бичгийн дарга  Хуан Жун, Боловсрол хариуцсан мэргэжилтэн Хүчирхэг нарын бусад албаны хүмүүс оролцсон юм.

50 ортой тус эмнэлэгийн бүтээн байгуулалтыг энэ оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.


Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Элчин зөвлөх Ян Чиндун "БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” болон шат шатны байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар дахин нэг амжиргааны төслийн бодит хэрэгжилт Налайх дүүрэгт бий болох гэж байна. Бидний хамтын хичээл зүтгэлээр баригдсан энэхүү нэгдсэн эмнэлгээрээ дамжуулаад Налайх дүүргийн хүүхэд багачуудад чанарын шаардлага хангахуйц эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг бид зорьж байгаа. Энэхүү нэгдсэн эмнэлгийг таван сарын дотор дуусгахаар төлөвлөж байгаа" гэлээ.

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хувьд хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээгүй бөгөөд тус эмнэлэгийн Хүүхдийн тасгийн хүлээн авах хэсгээр хоногт дунджаар 20-30 хүүхэд үйлчлүүлдэг байна. Мөн тус дүүргийн хүүхдийн тасаг, төрөх тасаг тусдаа байдгаас гадна хүүхдийн тасагт ажиллах нярайн эмч дутагдалтай, шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүй зэрэг асуудлуудыг салбарын эмч, мэргэжилтүүд учирлаж байсан юм.



БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан" 2012 оноос хойш Монгол Улстай хамтран эмчилгээ, боловсрол, ажилчдын сургалт болон хэвлэл мэдээллийн салбарт ард түмэнд хүртээмжтэй цуврал төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн шав тавих арга хэмжээ гурав дахь хамтын үйл ажиллагааны нээлт гэдгээрээ онцлог боллоо. 


 

Мөн НИТХ, Нийслэлийн иргэдийн хурлын Төсвийн байнгын хорооны дарга С.Амарсайханы хувьд энэхүү төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм. Тэрбээр "Налайх хэдийгээр нийслэлийн дүүрэг боловч эмчилгээ үйлчилгээ, эрүүл мэндийн оношилгооны хувьд хүрэлцээ муутай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 50 ортой хүүхдийн эмнэлэг барих санаачлага гаргаж, өөрийн болоод БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан"-гийн хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаатайгаар барьж байгуулах ажлыг "Хангарьд-Улаанбаатар" ТББ-ын хамтын ажиллагаатайгаар эхлүүлж байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Налайхын хүүхэд багачуудад үйлчлээд зогсохгүй нийслэлийн алслагдсан дүүрэг гэгддэг Багахангай, Багануур дүүргийн бүх хүүхдийг хүлээн авч эмчлэх давуу талтай" гэж ярьсан юм.



Харин "Хангарьд-Улаанбаатар" ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Ганбаяр "Бид Боловсролын салбарт БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”, БНСУ-ын Койка болон бусад олон улсын байгуулагуудтай хамтарч ажиллаж байгаа. Яг “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтарч, тус сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 15 хороо буюу Хайлаастын хуучин эцсийн буудлын хажууд Хүүхдийн амбулаторийг барьж ашиглалтад оруулсан бол 2016 онд Төв аймгийн Зуунмод хотод 250 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж, хүлээлгэн өгсөн. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт 50 ортой, алсын гурван дүүргийн хүүхэд багачуудад үйлчлэх нэгдсэн эмнэлгийг барихаар өнөөдөр ийнхүү шавыг нь тавьж байна. Бидний хувьд 2020 он гэхэд нийслэлийн бүх дүүрэгт Хүүхдийн эмнэлэг барьж, байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэж ярилаа.



Энэхүү нэгдсэн эмнэлгийг байгуулснаар хүүхдийн орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болох давуу талтай хэмээн албаныхан онцолж байлаа.
 
О.Анир
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш