logo

"Улаанбаатарт байгаа миний аавд" буюу хаягжаагүй Улаанбаатар

2011/11/04
...Монголын уран сайхны "Улаанбаатарт байгаа миний аавд" гэдэг нэртэй кино байдаг даа. Архангай аймгаас аавыгаа хайж Улаанбаатар хотод ирсэн хүү элдэв хөгжилтэй явдлуудтай учирсаар эцэст нь аавтайгаа уулздаг.

1960 оны үеийн Улаанбаатарын тухай. Сураг ажиг тавьсаар яваад хэн нэгнийг олж болдог л байж. Харин одоо бол амаргүй болсон.

-Танайх хаана байдаг юм бэ?
-Баян хошууны эцсийн тэнд нэг хогийн цэг байдаг даа. Түүнээс хойш нилээд явж байтал дээрээ нохойн зурагтай ногоон хаалга байгаа

-Их дэлгүүрээс урагшаа явж байгаад циркийн зуун талд 5 давхар саарал байшин байгаа. Урд талаасаа 2 дахь байшингийн голын хаалгаар ороод 2 давхарт зүүн гар талын хаалга 3-р хороолол руу явж байтал дээрээ "Энхтайван" гэсэн бичигтэй өндөр хөх байшин байгаа гэхчилэн заана. Хүмүүс яаж ийгээд хэл амаа ололцоод гэрийг нь олж хэн нэгнийдээ зочилж очоод болоод л байгаа юм даа.

Харин яаралтай тусламж болох гал команд болон түргэн тусламжууд зэрэгт заримдаа амаргүй. Ялангуяа бөөгнөрөн шавааралдсан гэр хороололд. Гал командынхан ч яахав шатаж утаа нь уугиж байгаа байшинг холоос хараад мэдэж болох юм гэхэд төрөх гээд өвдөж байгаа эмэгтэйг олж харахгүй болохоор үгүйдээ тэр хавьдаа жирэмсэн, том гэдэстэй эмэгтэй хаана байж болохыг худаг дээр байгаа хүүхдүүдээс асуух хэрэгтэй болох нь.

Хот төлөвлөлт алдагдсан болохоор заримдаа айлаа олох гэж "замын түгжрэл" шиг мунгинан сүлжиж байж очиход нөгөө айл нь шатаад дууссан байх, эсвэл нөгөө бүсгүй нь төрөөд амаржчихсан байх тохиолдол зөндөө гардаг гэсэн.

...Одоо бол Улаанбаатар хот маань их ч хөгжиж байгаа гэсэн. Монгол яваад ирсэн зарим хүмүүс тэгж ярьж байна билээ. Их ч гоёмсог өндөр өндөр байшингуудыг хараад дуу алдацгаана. Бас ууж идэж барамгүй их баар ресторанд, унтаж хонож ч барамгүй их зочид буудлууд байдаг гэсэн. Тэр зочид буудлууддаа Улаанбаатарчууд өөрсдөө ихэвчлэн хонодог гэнэ билээ. Хэдийгээр завсар зай болгоныг дүүргэн "чигжиж" барилга байгууламж барьж байгаа ч ядаж л гадаад үзэмжээрээ гоё сайхан харагдана гэдэг нэг хэрэг.

Хотын хөгжил гэдэг гоёмсог чамин байшин барилгаас гадна үерийн ус зайлуулах хоолой, газар доорхи шугам сүлжээний найдвартай байгууламж, гудамж талбайн нэршил, хаягжилт, ирээдүйгээ харсан гайхамшигт хот төлөвлөлт, түүний дагуух тасралтгүй бүтээн байгуулалтаас бүрддэг аж. Нөгөө талаар энэ хотод оршин амьдрагчдын тав тух,тэдэнд бүх зүйл маш ойлгомжтой, амар хялбар байх боломжийг ч нэмж болно. Хаа нэгтээ албан газар болон айлд очихдоо төөрөхгүй байх гэдэг ч бага асуудал биш.

...Улаанбаатар хотыг үе дамжуулан удирдаж байсан болон байгаа олон дарга нарыг би заримдаа гайхдаг юм. Яагаад тэд Улаанбаатар хотыг хаягжуулдаггүй юм бол гэж? Газрын наймаанаас болж хот төлөвлөлтийг алдагдуулжээ гэж ууч сэтгэлээр өршөөн бодоход, өдрөөс өдөрт өргөжин "талийгаачдын газар"-т хүрч тэлж байгаа гудамж талбай, гэр болон орон сууцны хорооллоо хаягжуулж чадахгүй байгаад, эсвэл үүнийг хийхийг хүсэхгүй байгааг уучилж бас боломгүй. Тэд тун удахгүй Улаанбаатар хот маань метротой болно гэж хөөрөлхөн сурталчилж байна.

Сайхан л хэрэг. Гэхдээ метроны буудал ч бас нэршил хаягтай байдгийг мартаагүй байх. Метроноос өмнө энэ хотод ажиллаж амьдардаг уугуул болон суугуул иргэдээ төөрч будилахгүй байхад сургаж л баймаар...

Нэршил ба хаяг
...Өдгөө бидний амьдарч байгаа, Улаанбаатар хотоос олон зуу дахин том Вашингтон хотод бид төөрдөггүй. Яагаад гэвэл энд бүх зүйл нь маш ойлгомжтой, хаяг нэршил нь маш тодорхой. Нэршил болон хаягжилтууд өөрсдийн стандарттай. Нэршсэн гудамжны замын урд талын байшингууд сондгой тоотой, харин замын ард талынх нь тэгш тоотой байх жишээтэй. Тэгэхээр 42 дугаартай байшинг олохын тулд замын урд тал руу гөлрөөд байх хэрэггүй гэсэн үг. Хотын хэсэг болгон өөрийн кодтой.

Нэр давхардаж болох хэдий ч код дотроо зөндөө л олон зохицуулалттай. Хамгийн гол нь тэнэг хүн ч хаягаар хүссэн газраа олох боломжтойд л "гайхамшиг" нь оршдог юм даа. Бид Улаанбаатар хотын зарим гудамжны нэрийг бүүр түүрхэн санаж байна л даа. "Бага тойрог", "Сансрын", "Нарангийн", "Чингүнжавын", "Урт цагааны", "Долоон буудлын" гэхчилэн. Хэрвээ одоо шинээр нэрлэх хэрэгтэй бол жаахан онигоотой юм болж магадгүй. Алдарших дуртай зарим нь өөрийнхөө нэр болон дуртай нэгнийхээ нэрийг мөнхжүүлэхийн тулд лобби хийж магадгүй юм даа.

"Aлимаагийн", "76-гийн", "Tалийгаачдын", "Энхбаярын", "Элбэгдоржийн" эсвэл "Суут ардчилагчдын", "Цугтаа биеэ үнэлэгчдийн"  гэхчилэн нэрлэж болох юм. Нэр бүхэн түүх болон домгийг дагуулдаг. Манайхан Оюутолгой гэдэг нэрээр зэсний болон алтны асар том орд нээчихээд бөөн баяр. Нэрнээс нь их баялаг болон нээлт хийж болдгийн жишээ энэ. Түүхэнд мөнхрөхийн нэгэн боломж энэ байж болох. "Алимаагийн" нэртэй гудамжаас хэн нэгэн Энхээгийн нууц амрагийн тухай олж мэдвэл бас л сайхан байж болох.

Заримдаа хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас шарилын газарт ойрхон нутаглаж байгаа иргэдүүд гудамжаа "Талийгчдын сүнс" эсвэл "Mуу ёрын сүнс"-ний гудамж гэж нэрлэвэл гайхах хэрэг үгүй. Зүгээр л энд гудамжны нэрээ нэрлэхдээ тухайн гудамжинд амьдарч байгаа айл өрхүүдийн эздийн саналыг авах тухай ярьж байна л даа. Гэтэл хэн нэгэн орж ирээд "миний нэрээр гудамжаа нэрлэвэл та нарт их мөнгө өгнө" гэвэл жаахан сонин байдал үүсэж болзошгүй.

Яагаад гэвэл бид өнөөдөр бүх зүйлээ мөнгөөр хэмжиж, түүний боол болж байгаад хамаг учир байгаа юм. Манай луйврын мөнгөөр баяжсан эрхэм дээдсүүд биднээс илүү үүнийг мэдээд байна. Тэд чинь өөрсдийнхөө нэрийг гаргахын тулд 500 сая төгрөгөөр хурдан азарга худалдан авч байгаа болохоор үүнийг жишээд байгаа юм л даа.

Хэрвээ Улаанбаатар хот минь хаягжилттай болчихвол...

...Нээрээ манай нийслэлийн дарга нар гэнэт "ухаан сууж" нийслэл хотоо бүрэн хаягжуулахаар зоригловол. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт хийх л байх даа. Хэрэв тэгвэл:

1. Улаанбаатарт шуудангийн үйлчилгээ үнэхээр сайжирна. Хэрвээ Монголын ЗГ төрийн бүх үйлчилгээг зөвхөн шуудангаар хийнэ гэж хуульчилж чадвал...Та хүнд сурталтан хэн нэгний өрөөний үүдэнд царай алдан цаг нөхцөөж суухгүйгээр ажил болон асуудлаа шийдэж болно. Хэн нэгэн авилгалчид өгөх мөнгөө Монголын шуудангийн үйлчилгээнд төлж байвал хичнээн амар гээч. Ядаж л улс орны хөгжилд оруулж байгаа таны нэмэр энэ болох болно.

2. Бидний deliveri гэж нэрлэдэг гэрээр хүргэж өгөх үйлчилгээ хөгжинө. Үйлчлүүлэгчдээ хайж байгаа олон үйлчилгээний газрууд өөрсдөө санаачлан гэрийн хаягаар тань маш олон үйлчилгээг санал болгох болно. Гэрийг тань нүүлгэж өгөхөөс эхлээд гэрт тань бэлэн хоол хүргэж өгөх, хүссэн интернетийн үйлчилгээ болон, захиалсан тавилгыг тань гэрт тань хүргэж өгөхийг санал болгоно. "Үйлчлүүлэгч бол хаан" гэдгийг ханан дээр бичсэн плакатаас бус жинхэнэ өөрийн биеэр мэдрэх боломж нь энэ.

3. Гал команд болон түргэн тусламж, цагдаагийн хэсгийн үйлчилгээ дуудлага өгөх цаг дор маш хурдан ирж амжих болно. Гэрээ шатаж эхлэх дор, эхнэрээ төрөх гэж өвдөх дор, хэн нэгэн айлган сүрдүүлэх дор таныг хамгаалах үйлчилгээ хичнээн хурдан ирнэ гээч. Хаяг хичнээн тодорхой байхад тэд огтхон ч саатахгүй танд хүрч ирэх болно. Эрж хайж эрэн сурвалжлахгүйгээр үйлчилгээгээ танд аль болохоор хурдан хүргэх боломж нь хаяг тодорхой байх шаардлага байдаг.

4. Мэдээллийн технологийн ертөнцөд эрэл хайгуул хийж байгаа чадалтай монгол залуус минь энэ боломжин дээр шинээр MAP зохиох болно. Хүссэн айл очих гэж байгаа газраа сансрын холбоогоор олж, худалдаж авах гэж байгаа байр болон объектоо сансрын холбоогоор өөрсдийн "нүдээр харсан мэт" сонголт хийх боломжийг манай залуус хийж чадах болно. Магадгүй тэд өнөөдөр үүнийг хийж эхэлсэн байж болох ч тэдэнд албан ёсны зах зээл хэрэгтэй байгаа. Тэр нь албан ёсны болон хуульчилсан хаягжилт байх болно.

Төгсгөл
...Улаанбаатарт байгаа миний аавд". Aль тэртээх 60 онд бид бие биенээ сургаар олж чаддаг байсан бол энэ зууны сүүлчид ямар нэгэн таних тэмдгээр, содон дүрслэлээр бие биенээ олдог байж.

Мэдээллийн технологи хөгжсөн энэ цаг үед бид энэ байдлаараа байж арай боломгүй. Улаанбаатар хотыг удирдаж байгаа эрхэм дарга нар аа! Би та нараас гуйя! Улаанбаатар хотыг хаягжуулах ажлыг зориглоод хий л дээ. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр гадаад дотоодод зугаацаж "галуу шувууны мах зооглож" байхдаа энэ сайхан туршлага болон боломжийг олж харахгүй бас ухаарахгүй байж яаж чадаж байгаа юм бэ?

Та нар хийж чадна аа! Гагцxүү та нар газрын наймаанаас үүдэлтэй өөрсдөө баяжих их хүслээс хамааран үүнийг хийхгүй байна хэмээн би та нарыг хардаж байна. Та нар нийслэл болон дүүргүүдийн газрын албаараа дамжуулан авлигал хээл хахуулын сүлжээнд л хамаг анхаарлаа хандуулж байгаа. Үгүй гэж үү? Та нар энэ хоромхон хугацаанд өөрсдөө баяжин тансаглахыг л хүсэж байна. Энэ тансаглал тань хожмын нэгэн цагт там болон хувирахыг та төсөөлөхгүй байгаа.

"Их эрх мэдэл их нүгэл хилэнц хураадаг" гэдэг үг буй. Эрх мэдэл гэдэг сайн муу олон боломж авч ирдэг. Улаанбаатар хотыг захиран удирдаж байгаа эрх мэдэлтэй эрхмүүдээ! Та нар зориглоод Улаанбаатар хотыг хаягжуулчих. Тэгээд л түүнийг дагалдан гарах олон боломжийг хуульчлан дэмжчих. Та нарын авилгалд авдаг их мөнгөнөөс харьцангуйгээр олон түмэнд буян болно доо.

ЯДАЖ ТА НАР УЛААНБААТАР ХОТЫГ ХАЯГЖУУЛЧИХ. ТЭГВЭЛ МАШ ОЛОН БОЛОМЖУУД НЭЭГДЭХ БОЛНО. БАС ЭНЭ ИХ БУЯН БОЛНОО.

Г.Галбадрах gala_mn@yahoo.com
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш