logo
Эцсийн шийдвэрийг С.Эрдэнэ л гаргана

Эцсийн шийдвэрийг С.Эрдэнэ л гаргана

2017/05/03
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 26-нд болно. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог, нийт иргэдийн 50-иас илүү хувийн саналыг авч байж тодордог албан тушаалтан. Иймээс ч улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа нийт гишүүдийнхээ санал бодлыг сонсохыг чухалчилдаг юм. Тэгвэл энэ процесс УИХ-д суудал бүхий гурван нам дээр харилцан адилгүй явж байна.

УИХ-д ганцхан суудалтай МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа нэр дэвшүүлэхээр төлөвлөж байсан ч ялтайд тооцох хугацаа нь дуусаагүйг шүүх нэгэнт нотлоод байна. Иймээс энэ нам Бага чуулганаараа нэр дэвшигчээ тодруулж, төлөвлөөгүй нэр дэвшигч илгээх магадлал өндөртэй боллоо. Харин МАН-ын хувьд Бага хурлын 310 гишүүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ эцэслэн тодруулна. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН-ын тухайд төлөөллийн төв байгууллага нь болох Бага хурал, Бага чуулган нь эцсийн шийдвэрийг өрсөлдөөний зарчмаар гаргах аж. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, төлөөллийн ардчиллын зарчим талаасаа ч энэ нь зөв шалгаруулалт билээ.

Тэгвэл хаваржингаа л нийт гишүүдээсээ асууна, нэг хүний саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахгүй гэж байсан АН-ын хувьд байдал бүр эсрэгээрээ явж байна. Өнгөн талаас нь харахад АН нийт гишүүдийнхээ саналыг авч байгаа мэт боловч үндсэндээ эцсийн шийдвэрийг С.Эрдэнэ гэдэг хүн л дангаараа гаргах юм байна. Юу гэвэл, зургаан нэр дэвшигчийнхээ дунд санал асуулга явуулсан болоод нэгхэн хүний нэрийг Их хуралдаа оруулж гар өргүүлж батламжуулахаар болжээ. Тэр хүн нь жаран чавганц уралдахад нэг л түрүүлдэг гэдэг шиг нийт гишүүдийн 20 хувийн саналаар ялсан ч байсан хамаагүй Ерөнхийлөгчид нэр дэвших аж. Түүнээс АН-ын нийт гишүүдийн дэмжлэгийг авсан уу, хамгийн гол нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгаа АН-ын мянга мянган гишүүнийг төлөөлөх мандат авсан Их хурлын төлөөлөгчдийнх нь итгэлийг хүлээх үү гэх асуулт бол дараагийн асуудал бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш