УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2017.05.09) хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдон Эрүүгийн хууль хөндөгдөж байна. Засгийн газар Зөрчлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны нэгдүгээр сард батлагдан, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуулийн дагуу гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” хэмээн тайлбар хийлээ. Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргасан болохыг хуралдаанд оролцогчдод танилцуулав.
Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулага хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 83.3 хувийн саналаар дэмжлээ. Горимын санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг 66.7 хувийн саналаар тус тус дэмжлээ.