УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2017.05.09) хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоотой хамтран Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулга хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, тус хэлэлцүүлгийн үеэр холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нь Ажлын хэсэг хүлээн авчээ. Үүний дараа Ажлын хэсэг хуралдан, хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн саналыг тусгасан байна. Тухайлбал:
- Зөрчлийн тухай хуулийн төсөлд шүүх баривчлах шийтгэлийг 7-30 хоног оногдуулахаар тусгасантай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах журмыг хуулийн төсөлд тусгах,
- Эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харъяалан, хянан шийдвэрлэхээр заасан эрх бүхий албан тушаалтны оногдуулсан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд харъяалуулан, хянан шийдвэрлүүлэхээр төсөлд тусгах,
- Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нь мансуурагч, танхайрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрхэнд халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, жагсаал цуглаан зохион байгуулах, хулгайлах, хөрөнгө завших, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчил гаргасан этгээдийг хуульд заасан журмаас гадна тусгай журам баримтлан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах,
- Шүүхээс баривчлах шийтгэлийг оногдуулахтай холбогдсон зохицуулалтын дагуу зөрчлийг харъяалан шийдвэрлэх байгууллагын харъяаллыг өөрчлөн хуулийн төсөлд тусгах зэрэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 44 саналын томъёолол, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хоёр саналын томъёоллыг бэлтгэжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төслүүд батлагдсан тохиолдолд үүсэх шүүхийн ачааллын талаар тооцоо хийсэн эсэх, үйл ажиллагаа жигд явагдах боломжтой эсэхийг тодрууллаа.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр бол зөрчлийг Эрүүгийн шүүхэд гомдол гаргах журамаар шийдэх зохицуулалтыг тусгасан байсан нь шүүхийн ачаалалд нэлээн өөрчлөлт орохоор байсан. Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэж буй нийт маргааны 20 орчим хувь нь зөрчилтэй холбоотой маргаан байдаг. Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсгээс Захиргааны шүүхэд хянагдаж буй байцаагч нарынх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдлыг Захиргааны шүүхэд гаргахаар өөрчилж буй нь хууль батлагдсаны дараа шүүхийн ачаалалд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгааг тайлбарласан. Эрүүгийн шүүх гомдол шалгадаг журам шинээр нэвтэрч байгаа, энэ нь шүүхийн ачааллыг онц их хэмжээгээр өөрчлөхгүй хэмээн тооцсон байна. Ийнхүү асуулт, хариултын дараа Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.