logo
Том оврын автобуснуудад үзлэг хийлээ

Том оврын автобуснуудад үзлэг хийлээ

2011/11/07
Улаанбаатар хотын дотор болон хот орчмын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүдэд намрын үзлэг оношилгоо явуулж байна.  Оношилгоонд орвол зохих 1978 тээврийн хэрэгслээс энэ сарын 2-ны байдлаар 1298 тээврийн хэрэгсэл орж 65,9 хувьтай явагдаж байна.  Үзлэгт орсон нийт тээврийн хэрэгслийн 62 хувь буюу 1225 тээврийн хэрэгсэл тэнцэж, 73 тээврийн хэрэгсэл тэнцээгүй, дахин оношлуулахаар болжээ. Эхний үзлэгээр орсон автобуснуудын олонх нь буюу 55 автобус өнгө үзэмж хангалтгүй учир тэнцээгүй аж. Мөн нийтийн тээврийн нэмэлт шаардлагыг хангаагүй 16, тормосоор 14, гэрлээр 8, жолооны механизмаар 6 тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээгүй тул засвар үйлчилгээ, тохиргоо хийх хугацаат үүргийг өгсөн байна.
Харин том оврын автобуснуудаас утааны үзүүлэлтээр бүдэрсэн нэг ч автобус байхгүй байна. Өөрөөр хэлбэл их багтаамжийн автобуснуудаас ялгарч байгаа утааны тортогжилт нь хэвийн гэсэн үг. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автомашинаас ялгарах утааны тортогжилтыг бууруулах төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсны үр дүн бөгөөд том оврын автобуснуудын шатахууны зарцуулалт 10 хүртэлх хувиар, утааны тортогжилт 70 хувь хүртэл буурах боломжтой болсон байна.
Нийслэлийн нийтийн тээв­рийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн намрын үзлэг оношилгоо энэ сарын 26-ныг хүртэл явагдана.
Д.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш