logo
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017/05/19

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 ондхөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Л.Болд, С.Чинзориг нар тогтоолын төслийн болон хавсралтын нэрний “2016-2020” гэснийг “2017-2020” гэж өөрчлөх, хугацааг ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаархи 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтуудыг төслөөс хасах, мөн 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах, тогтоолын төслийн 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх, төслийн хавсралтын Дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 25 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Чинзориг нар “усан замын тээврийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, усан замын тээврийн үйлчилгээнд хяналт тавих, зохицуулах талаархи орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, усан замын тээврийн хэрэгслийг ашиглах, бүртгүүлэх талаархи тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам гаргаж, тэдгээрийг дахин дахин өөрчлөх зэргээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг явдал гаргуулахгүйн тулд энэ талаархи нөхцөл, шаардлага, зохицуулалтыг иргэд, хувийн хэвшилд ойлгомжтой, хүндрэлгүй байхаар төсөлд тодорхой тусгах, татлагат гатлага төхөөрөмж, хөвдөг гүүрийн талаархи зохицуулалтууд Автозамын тухай хуулиар зохицуулагдах болсонтой холбоотойгоор эдгээртэй холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг төслөөс хасах, усан замын тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгох, хариуцлага ногдуулах заалтуудыг усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулан зохистойгоор тогтоох” зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг “3.1.4.“усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл” гэж төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цэрэг, цагдаа, онцгой байдлын алба, хил хамгаалах, гаалийн байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг;” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд “усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжпийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг;” гэсэн агуулгатай 3.1.15 дахь заалт нэмэхээр болов. Мөн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “усан замын зогсоол, төв буудал, хөвдөг гүүр, татлагат гатлага төхөөрөмж” гэснийг “тухайн орон нутгийн өмчид байгаа усан замын зогсоол, төв буудал” гэж өөрчлөх, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “16.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагаас жил бүр усан замын тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан байдалд техникийн хяналтын үзлэг хийж, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухай бүр тэмдэглэл хийнэ.” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал дэмжигдлээ.

Ийнхүү Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш