Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Байнгын хорооны Ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгч нээлттэй үлдээсэн зарчмын гурван санал, найруулгын шинжтэй хоёр саналын томъёолол бэлтгэн санал хураалгаж шийдвэрлүүлсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн холбогдох бусад өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэлх шилжилтийн үеийн харилцааг зохицуулах үүднээс дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжив. Ингээд гишүүдийн 75.5 хувийн саналаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл батлагдлаа.