logo
Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэлцээрийг баталлаа

Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэлцээрийг баталлаа

2017/05/25

“Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг  Засгийн газрын хуралдаанаар /2017.05.24/ хэлэлцэн баталлаа. Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд технологи дамжуулах, солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх эрхэм зорилготой юм.

Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцохоор 1972 онд Хэлэлцээрийн байгууллага байгуулсан байна.

Ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээ гишүүн 22 орон хамтран шийдвэрлэдэг бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг, донор улс, олон улсын байгууллагын сан санхүүжилтийг нь гаргадаг.

Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадны туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, салбарын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр томоохон дэмжлэг авчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш