logo
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй

Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй

2017/05/30
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа “Рио Тинтод Оюутолгойн 34 хувь зарагдаж, мөнгө нь ороод иржээ, халамжид тараах юм байна. Эрдэнэтийн 49 хувийг хусдаг шиг юм боллоо. Энэ мөнгөөр МАН сонгуулиар баахан мөнгө тарааж, санал худалдан авах гэж байна" зэрэг илт худал мэдээллийг цацаж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар шуурхай мэдээлэл хийлээ.

Засгийн газар, Оюутолгойн 34 хувийг Риотинтод зарсан мэт буруу ташаа мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ далимдуулж Засгийн газар, эрх барьж байгаа нам руу дайралт хийх гэсэн ийм зүйлийг зарим цахим хаягнаас явуулж байна. Энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа ойртох тусам энэ мэт гүтгэлэг, дайрсан мэдээлэл, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацах явдал газар авч байна. Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ авна.

Рио Тинтогийн 34 хувь зарагдсан, халамжид баахан мөнгө тараана, энүүгээрээ Монгол ардын нам сонгуулийн зардлаа хийж мөнгө цацах нь гэсэн  мэдээлэл ор үндэсгүй, илт гүжирдсэн мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
   
Ц.Мөнх-Оргил: Гадаад харилцааны тэр тусмаа хоёр хөрштэйгөө харилцах асуудлыг улстөржүүлж, сонгуулийн тоглоом болгож болохгүй



Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: -Улс төрийн сонгууль ойртсонтой холбогдуулаад Монгол Улсын гадаад харилцаа тухайлбал, хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар илт худал, хуурмаг, иргэдийг санаатайгаар төөрөлдүүлэх гэсэн, төр засгийн бодлогыг буруу талаас нь тайлбарлах гэсэн оролдлогууд гарч байна.

Жишээлбэл нь, энэ Засгийн газар БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад визгүй оруулдаг боллоо, эсвэл визгүй оруулах гэж байна гэсэн мэдээллийг сошил орчинд болон хэвлэлээр удаа дараа тарааж байна. Засгийн газар ийм шийдвэр гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Өнөөдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу визтэй зорчиж байгаа. Монгол Улсын иргэд БНХАУ-д визгүй зорчиж байгаа. Ер нь гадаад харилцааны асуудал, тэр тусмаа хоёр хөрштэйгөө харилцах асуудлыг улстөржүүлж, сонгуулийн тоглоом болгож болохгүй ээ. Энэ бол дэндүү хариуцлагагүй алхам. Тийм учраас ард иргэддээ хандаж хэлэхэд ийм явуургүй, байгаа байдлыг  буруугаар тайлбарласан, гүжирдсэн, худал хуурмаг мэдээлэлд автагдахгүй байхыг хүсч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш