logo
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж  байгаагүй юм байна

Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж байгаагүй юм байна

2017/07/05
Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” гэх  мэт  Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах болсонд талархаж  Сүхбаатарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа. Одоогоос 48 цагийн өмнө Иргэний хөдөлгөөнийхөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол коппер корпорейшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авч, иргэдэд хувьцаа хэлбэрээ эзэмшүүлэх шийдвэр гаргасанд   талархаж  энэхүү  жагсаалыг зохион байгуулж байгаа юм.

Жагсаалыг зохион байгуулагчид, ардчилалын далбаан дор   гуравхан олигархи гэр бүл эзэгнэх гэж байсан Монголын баялагыг гурван сая иргэн эзэмших  болсонд  иргэд баяртай байна. Бид ч УИХ, Засгийн газар тавьсан шаардлагыг маань зөвөөр үнэлэж ийнхүү бодитой  хариуг богино хугацаанд өгсөнд үнэхээр баяртай байна. Өмнө нь  бид дандаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан бол өнөөдөр анх удаа баярын жагсаал хийж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь өр дарна гэж худлаа хошгируулж байгааг  монголчууд ялгаж салгаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.   

Шударга эвсэл фронтын тэргүүн Арслан “Монголын баялгийн талаар олон жил тэмцэл хийж явсны үр дүн өнөөдөр гарч байна. 49 хувь бол 40 жилийн өмнө  байгуулсан Монгол Улс, монгол иргэний өмч юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн ч мэдэхгүй 27 настай залуу өндөр үнээр авлаа. Мөн энэ хүний ар талыг хариуцдаг хүмүүс Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг авлаа. Өнөөдөр 100 мянган өрх “Эрдэнэт” үйлдвэрээр амьдардаг. Гэтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн үеэр “чоно борооноор” гэгчээр монголын ард түмэн 49 хувиа Оросоос авлаа гэж байсан ч яг үнэндээ гуравхан гэр бүл авчихсан байсан.  Энэ  уйвайгүй луйварыг МАН заслаа.  Төрийн мэдэлд  авсан 49 хувь бүхэлдээ ард түмнийх болсонд  бид баяртай байна” гэв.











Э.Цэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш