logo
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа

2017/07/06
Дөрвөн жилд ганцхан удаа болдог УИХ-ын сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрөө уралдуулан өрсөлддөг. Сонгогч олон ч нэг үеэ бодоход элдэв худал амлалтад итгэхээ больж, намуудын ажлын туршлага, улстөрийн нөхцөл байдал, мөрийн хөтөлбөрт туссан бодлого чиглэлийг сайтар хардаг болжээ. Тийм ч учраас өнгөрөгч 2016 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлнэ гэсэн зорилтот заалт багтсан билээ. Тэгвэл нэг жилийн нүүр үзэж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газраас мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн орд газруудаас хувь хишиг хүртээнэ” гэсэн зорилтоо хэрэгжүүлэх үндэслэлээр “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсын иргэн бүрт хувьцаа болгон өгөх шийдвэр гарсан нь нүдээ олсон алхам болжээ. Нөгөө талаар Үндсэн хуульд “Газрын доорхи баялаг бол бүх ард түмний өмч” гэсэн заалт ч мөн чанараараа биеллээ олж байна. Ерөөсөө үе үеийн эрх баригчид “стратегийн орд газруудаас иргэн бүрт хувь хишиг хүртээнэ” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг ч биеллээ олсон нь тийм ч олон бус.

Харин 2008-2012 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт аанай л стратегийн орд газраас иргэдэд хувь эзэмшүүлэх тухай заалт орж, үүний дагуу Сү.Батболдын Засгийн газар Тавантолгой орд газраас иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байсан түүхтэй. Сонгууль болохоор санаанд багтамгүй зүйл амлаж байснаас өөртөө байгаа бодит боломжоо Үндсэн хуулийн дагуу иргэддээ амлах нь зүйд нийцэх хэрэг хэмээн түмэн олон ч ам сайтай байна. Үүгээр ч зогсохгүй Засгийн газар, эрх баригчдад талархсан талархлын жагсаал ч иргэдийн санаачилгаар болж байна. Энэ бол нэг ёсны баяр мөн. Яагаад гэвэл бид удаа дараа “Стратегийн орд газраас иргэн бүрт” гэсэн амлалтад хууртаж байсан. Энэ амлалт үнэн хэрэгтээ хэдхэн тооны хүний ашиг хувь болон хувирч байсан удаа ч бий.

Түүнээс бус Монгол Улсын өртэй иргэн бүрийн өрийг тэглэнэ гэх тэнэгдүү амлалт бол үнэн хэрэгтээ ард түмнээ доромжлон гутаасан хэрэг. Өнгөрөгч 2012-2016 онд Засгийн эрх барьсан улстөрийн хүчний балгаар өдгөө Монгол Улс 24,5 их наяд төгрөгийн өртэй болчихсон. Энэ хэрээр монгол төгрөгийн худалдан авах чадвар буурч, валютын ханш 2500 төгрөгийн босгоор давж эдийн засгийн үзүүлэлт бараг тэг зааж байсан нь өчигдөрхөн. Тэгвэл тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр эдийн засагт нэмэх гэрэл асч, валютын ханш ч 2300 төгрөгт уруудаж ирээд байна. Байдал ийм хүндхэн байхад ард түмний тархийг угаан “бүх иргэдийн өрийг тэглэнэ” гээд зогсох нь даанч утгагүй. Монгол Улсын өртэй иргэдийн мөнгөн дүн таван их наяд 800 гаруй тэрбум төгрөг. Гэтэл манай улсын жилийн төсөв зургаан их наяд гаруй төгрөг байдаг гээд бодохоор амьдралд нийцэхгүй, улс орон эдийн засгаа улам сүйрүүлэх амлалт өгч байгаа нь даанч харамсалтай.



Энэ мэт хөөстэй бүтэшгүй амлалтын дэргэд бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгох бол шийдвэр гарсан даруйд л биеллээ олох бодит асуудал. Өдгөөгийн “Ардчилсан” хэмээн цээжээ дэлддэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн захиалгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гүйцэтгэсэн “Эрдэнэт”-ийн ОХУ-д байх 49 хувийг авсан хууль бус ажиллагааг Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд энэ хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Харин “Монголиан Коппер Корпорейшн” компаниас гомдол гаргаж худалдан авсан ажиллагааг хянуулахаар шүүхэд хандсан. Харин өнөөдөртөө Ц.Элбэгдорж нарын бүлэглэлд үйлчилж байгаа шүүхийнхэн эсрэг хариу гаргаад байгаа ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт Засгийн газраас  үүрэг өгсөн. Үндсэн хуульд заасан газрын доорхи ард түмний өмчийг хэдхэн тооны хүн хууль бусаар авчихсан үйлдлийг л зогсоосон хэрэг шүү дээ.

“Эрдэнэт”-ийг ОХУ-аас худалдан авах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх ёстой атал зөвхөн Засгийн газрын хуралдаанаар яаран шийдвэр гаргуулсан нь өөрөө хууль бус үйлдэл. Нөгөө талаар “Газрын доорхи баялаг бол бүх ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулиа зөрчсөн явдал. Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэхүү хууль бус шийдвэрээ УИХ-аас нуун гаргахдаа Засгийн газрын зарим гишүүддээ мэдэгдээгүйг тухайн үеийн сайд нар хэлдэг шүү дээ. Энэхүү мэдэгдлээ 2016 оны сонгуулийн санал авах өдөр иргэдийн санал цуглуулах зорилгоор “айлд байсан өөрийнхөө хувийг монголчууд аваад ирлээ” хэмээн сүржин зарласан ч иргэд сонголтоо өөрийнхөөрөө хийсэн. Өөрөөр хэлбэл, хэдхэн хүн өөрсдийнх нь өмчийг эзэмших гэж байгааг мэдсэн учраас АН-д есхөн суудал өгсөн. Төр түмэн нүдтэй гэдэг энэ. Тодотговол, “Эрдэнэт”-ийн ОХУ-д байх 49 хувийг “Монголиан Коппер Корпорейшн” компани 400 сая ам.доллараар худалдан авсан гэдэг. Тэгвэл энэхүү 400 сая ам.доллар нь монгол төгрөгт шилжүүлбэл 900 гаруй тэрбум буюу бараг нэг их наяд төгрөг Үүнийг гурван сая иргэндээ шилжүүлвэл нэг иргэн тус бүрт 300 орчим мянган төгрөг оногдох нь. Таван ам бүлтэй өрхөд бол нэг сая 500 мянган төгрөг ашиг хэлбэрээр ирээд байх аж. Энэ бол бодит орлогоос гадна биелэгдэх хамгийн боломжит зүйл. Өнөөдөр “Эрдэнэт” олон жилийн туршлагатай, улсын төсөвт байнга ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлж ирсэн үйлдвэр учраас эргэлзэхийн ч хэрэг алга.

Танд оногдсон хувьцаа бол таны мэдлийнх учраас та жил бүр ашгаа аваад мөнгөн орлогодоо нэмэр болгоод яваад байж болно. Эс бөгөөс зарсан ч таны дурын хэрэг. Ийм л боломжийг улстөрийн ууган хүчин МАН-ын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар олгож байна. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсний дагуу Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэт” үйлдвэрээс хувь эзэмшихээр болсныг онцлон дурдах нь зүйтэй. Ямартай ч цөөн тооны нөхдийн хулгайн замаар авчихсан “Эрдэнэт”-ийн 49 хувь ийнхүү иргэн бүрт хувь ашгаа өгөхөөр болж байгаад иргэд баяртай байна.

С.Баярхүү
"Улстөрийн тойм" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш