logo
“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гурван хөрөнгийн биржээр арилжаална

“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гурван хөрөнгийн биржээр арилжаална

2011/11/10
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Хөрөнгийн биржийн сонголт, компанийн бүтцийн талаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонсчээ.
Үүнтэй холбогдуулан тус компанийн хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурвалсан бүтцээр арилжаалах, хувьцаа арилжаалах компанийн үнэлгээ өндөр байх боломж, татварын таатай орчин, нөхцөл, эрх зүйн зохицуулалт, Хөрөнгийн биржийн шаардлагуудыг харгалзан хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй компани байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх бөгөөд энэ индекст орохын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах ёстой аж.
Энэ чиглэлээр ажиллахыг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад Засгийн газрын хуралдаанаас даалгажээ. 
Тавантолгой төсөлд хамтран ажиллаж байгаа зөвлөх банкууд болон хуулийн зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэх болжээ. Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар тооцоолжээ.
Хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд зохих өөрчлөлт оруулах нь.  
“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалах асуудлаар гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк /ХБНГУ/, Голдмэн Сакс /АНУ/, хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба /Франц/, Маквэари /Австрали/ банк хамтран оролцохоор ажиллаж байна. Мөн төслийн аудитор болон татвар, хуулийн зөвлөх чиглэлээр олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудтай хамтарч байгаа юм байна.
Хувьцааг гадаадын Хөрөнгийн биржид арилжаалахад гол баримт бичиг болох Үнэт цаас гаргах танилцуулгыг бэлтгэн компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварыг  ч зөвлөхүүдтэй хамтран боловсруулж байгаа ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш