logo
Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

2017/07/31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бангкок нь жуулчдыг хүлээн авдаг тоогоороо дэлхийд дээгүүрт ордог хот. Мөн манай улсын иргэд Бангкокт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар түлхүү ирдэг. Тус хотын захиргааны харьяанд 10 орчим эмнэлэг, 1 анагаахын сургууль байдаг юм байна. Тиймээс хамтын ажиллагаа өргөжсөнөөр эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтойг хотын дарга хэлж байсан. Мэдээж хотуудын хамтын ажиллагаанд ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Тиймээс сурагч солилцооны арга хэмжээг зохион байгуулах саналыг хүлээн авч байна. Монгол Улс Тайландын Вант улс хоёр өнө эртний түүхт харилцаатай. Тиймээс энэ түүхэн улбаагаараа хот хоорондын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болно. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа” хэмээлээ.

Бангкок хотын Захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг "Ах дүүгийн харилцааг тогтоосноор хоёр хотын хамтын ажиллагаа илүү их бэхжинэ гэдэгт итгэж байна. Ялангуяа Улаанбаатар Бангкок хооронд шууд нислэгтэй болсноор иргэд 5 цагийн хугацаанд зорчих таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар хоёр улс хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэх юм. Мөн аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн саналтай байгаа. Ингэснээр хоёр хотын хүүхэд багачууд харилцан нэг нэгнийхээ соёлоос суралцах боломжтой болох юм. 1974 онд 2 улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа маань улам бэхжиж буй. Цаашид ч хотуудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна" гэв.

Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтыг тогтмолжуулж, хамтран дүгнэж ажиллах юм байна. Мөн харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана гэдгээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хоёр хотын удирдлага онцолж байлаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш