logo
Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг

Газар хөдлөлт хамгийн аюултай гамшиг

2011/11/10

Америкийн мэргэжилтнүүдийн сүүлийн судалгаанаас үзвэл, сүүлийн жилүүдэд дэлхий даяар газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо хар салхи, үер гээд байгалийн бусад гамшигт амь үрэгдэгсдийн тооноос олон байна. Газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо хэдэн саяар хэмжигдэж байна гэж Британийн телевиз, радиогийн Би-Би-Си компани мэдээллээ. Жил бүр дэлхий дээр янз бүрийн хүчтэй нэг сая гаруй удаагийн газар хөдлөлт болж байна. АНУ-ын судлаачдын хэлснээр, байгалийн ийм гамшиг бусад гамшгаас хамаагүй хүчтэйгээр хүмүүсийн амьдралд нөлөөлдөг аж. Олон хүн амь насаа алдахын сацуу хэдэн зуун мянган хүн газар хөдлөлтийн улмаас хүнд гэмтэж байна. Ийм эрсдэлд хүүхдүүд илүүтэй өртдөг ажээ.

Газар хөдлөлт дэлхийн томоохон олон хотыг, тухайлбал, Лос-Анжелес, Токио, Нью-Йорк, Дели, Шанхай хотыг заналхийлж байсан, заналхийлсээр ч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтөд дэлхий даяар 780 мянган хүн амиа алдсан нь энэ хугацаанд манай гараг дээр болсон бүх байгалийн гамшигт өртөгсдийн 60 хувийг эзлэв. Газар хөдлөлтөд амиа алдсан нэг хүнд байгалийн энэ гамшгийн улмаас хүнд хөнгөн гэмтсэн гурван хүн ногдож байгааг судлаачид тооцоолон гаргажээ. Газар хөдлөлтийн уршиг шууд илэрдэггүй. Тухайлбал, байгалийн ийм гамшгийг туулсан хүмүүсийн үлэмж хувь нь сэтгэл гутралд орж, амиа хорлох тухай бодож эхэлдэг байна. Жишээ нь, 1999 онд Туркт болсон газар хөдлөлтийн дараа тус улсын хүн амын 17 хувь нь ойр дотны хүмүүсээ алдсаны учир амиа хорлохыг хүсч байснаа хүлээн зөвшөөрчээ. Ер нь дэлхийн хүн амын 72 хувь нь сэтгэл санааны хямралд орсон байдаг.

Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг. Өнгөрсөн онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтөд амь насаа алдагсдийн 53 хувь нь 20-иос доош настай, 25 хувь нь тав хүртэлх насныхан байжээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш