logo
Б.Болорцэцэг: Уурхайдаа гуравхан эмэгтэй операторын нэг нь би

Б.Болорцэцэг: Уурхайдаа гуравхан эмэгтэй операторын нэг нь би

2019/12/11

Хэвлэлийн хуудаснаа...

Эх сурвалж: www.Unuudur.mn
С.ЦЭРЭНДУЛАМ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн дампын анхны эмэгтэй оператор Б.Болорцэцэгтэй ярилцлаа.
 
-Та хэрхэн уурхайчин болсон бэ?
-Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумд төрж, ерөнхий боловсрол эзэмшсэн. Хөдөө мал малладаг байлаа. 2009 оноос аймгийн төвд суурьшин, оёдолчноор ажиллаж эхэлсэн. Ер нь 2000 оны дунд үеэс манай аймагт ашигт малтмалын олборлолт идэвхжин, уурхайнууд олноор байгуулагдсан юм. Түүнтэй холбоотойгоор аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд уурхайд ажиллах боломжтой мэргэшил эзэмшүүлэхээр иргэдийг сургадаг болсон. Би 2012 онд дампын операторын нэг жилийн курст суун, оператор болж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани ажилчин авч буй сургаар очиж, анкет бөглөн, 2013 онд тус уурхайд ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орсны дараахан нэг бүсгүй оператор болсон бөгөөд би анхных нь гэж ойлгож болно. Одоо уурхайд экскаватор барьдаг нэг бүсгүйг оролцуулбал том оврын техник жолооддог гурван эмэгтэй бий.
 
-“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаад хоёр жил орчим болж байх үед ажилд оржээ. Тэр үеийн уурхайн орчин нөхцөл одоогийнхоос хэр өөр байв?
-6-7 жилийн өмнө уурхайн олборлолтын талбай бага, ажилчид болон ашигладаг техник хэрэгслийн тоо ч цөөн, ер нь л цомхон байсан. Одоо нүүрс, хаягдал болон хөрсний есөн том овоолго байгаа бол тэр үед 1-2 л овоолготой байв. Кэмп том талбайд төвхнөөгүй байсан үе. Бид гэрээ галлаж халаадаг, нийтийн халуун усанд ордог байсан. Одоо бол кэмпээ өргөжүүлэн, маш тохилог болсон. Уурхайчдад ажиллаж, амьдрахад энд дутуу зүйл үгүй, улам л ая тухтай болсоор байна.
 
-Машин техникт дуртай хүн үү, та. Яагаад дампын оператор болсон юм бэ?
-Орон нутагт, ялангуяа эзэмшсэн мэргэжилгүй хүн ажил олох, эсвэл зөвхөн мал маллаж амьдрахад бэрхшээлтэй. Хүүхдүүд өсөж сургуульд орох болоход яалт ч үгүй төв, суурин газар бараадах хэрэгтэй болно. Тиймээс манайх аймгийн төвд амьдрахаар шийдэн, цалин, ахуй хангамж сайтай ажил олохыг хичээсэн нь дампын оператор болоход нөлөөлсөн. Мэдээж би техникт дуртай. Багадаа мотоцикл унадаг, эвдэрчихвэл юу нь болохоо байсныг сонирхон, өөрөө оролдож байгаад бага зэргийн засвар хийчихдэг байсан. Тэр нь том оврын техник сонирхон, жолооч болоход дөхөм болсон болов уу.
 
-Эмэгтэй хүн уурхайд ажиллан, хүнд машин техник жолоодоход бэрхшээлтэй зүйл олон тулгардаг уу?
-Эрэгтэй, эмэгтэй ажилчин гэлтгүй уурхайн орчин амар биш. Уурхайчид кэмпэд хагас цэрэгжилтийн байдалд байдаг. Ажлаа эхлүүлэх, дуусгах, техникээ хүлээлцэх, амрахдаа ч цагийг ягштал баримтлан, ганц минутын ч зөрүү гаргадаггүй. Энд чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт танхим, бялдаржуулах хэрэгсэл, тоглоом, номын сан гээд бүгд бий ч амарч унтахаа хойш тавьж, тоглож, зугаацаад байж болохгүй. Ажил, амралт, хувийн бэлтгэл, спорт болон бусад зүйлсэд гаргах цагийг нарийн баримтлах хэрэгтэй. Дэг журам, сахилга баттай, ажилд шаардлагатай бүх зааврыг даган биелүүлдэг бол төдийлөн бэрхшээл байхгүй. Жилийн тал хувийг кэмпэд өнгөрүүлдэг тул бусдыг ойлгон, хүндэлдэг, нөхөрсөг, тусч байхад анхаарах шаардлагатай. Ер нь уурхайн орчин хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэж боддог.
 
-Дамп гэж ямар машин байдаг вэ. Ажлынхаа нэг өдрийн ерөнхий дүр зургийг ярьж өгөөч.
-Дамп бол CАТ брэндийн өөрөө буулгах механизмтай том оврын ачааны машин. Багадаа 65 тоннын даацтай бол том нь 240 тонныг тээвэрлэх чадалтай. Уурхайн үйл ажиллагаа зогсолтгүй 24 цаг үргэлжилдэг. Нэг ээлж 12 цаг ажиллан, дараагийн ээлждээ ажлаа хүлээлгэн өгнө. Ажлын цагтаа операторчид уурхайгаас гарсан хөрс, хаягдал, эрчим хүчний болон энгийн нүүрсийг ээлжийн даргын өгсөн төлөвлөгөөний дагуу тус тусынх нь овоолгод буулгадаг. Уурхай болон овоолго хоорондын зайнаас хамаарч нэг ээлжид харилцан адилгүй зай туулдаг. Өдөр, шөнийн аль ч үед 12 цагийн хугацаанд 30 орчим минут л амарч, цай хоол иддэг. Шөнийн ээлжид гарахдаа сайн амарч очдог тул ядарч, нойрмоглоно гэж байхгүй. Би нэлээд олон жил ажилласан, туршлагатай ажилчин тул ажилдаа дадаж, бэрхшээлтэй санагдах зүйл бараг үгүй болжээ.
 
-Уурхайд ажиллахад юу нь бахархмаар санагддаг вэ?
-Өдрийн ээлжид гарахдаа нар битүүгээр очин, ажлаа хүлээлцдэг. Говийн нар тэнгэрийн хаяанаас мэлтэсхийн мандах агшинд, уурхайд ажил өрнөн, хэдэн зуун хүн, техник бужигнан, операторчид байшин шиг том тэргээ гарынхаа аясаар хөдөлгөн “сүнгэнүүлэх”-ийг харах сайхан шүү. Байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд уурхайн ажил зогсолтгүй үргэлжлэн, олон зуун хүний оролцоо, тусламжтайгаар баялаг бүтээж байна гэж бодох бахархам. Ялангуяа би төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилладгаа улсынхаа хөгжилд дэм болж, зөөж байгаа бүтээгдэхүүний тонн тутам нь эх оронд минь өгөөжөө өгч, миний болон таны үр хүүхдэд илүү сайхан ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулдаг хэмээн өөдрөгөөр боддог хүн.
 
-Уурхайд ажилд орохоор шийдсэн залууст, ялангуяа бүсгүйчүүдэд хандан юу гэж хэлэх вэ?
-Хүнд хүчир ажил хийн, хонон өнжин, хөдөө байрлаж ажилладаг хэмээн зарим хүн халшрах нь бий. Гэхдээ уурхайчид хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлж, амьдралын баталгаагаа ханган, гадаадад ажилласнаас дутахгүй цалин авдаг. Нэг үеэ бодвол аль ч уурхайн кэмп, ажлын орчин нөхцөл сайжирч, ажилчдадаа тавьдаг анхаарал, халамж нь нэмэгдсэн. Манай компанийн хувьд бид 14 хоног амарч, 14 хоног ажилладаг нь ар гэртээ анхаарал хандуулж, ажлаа зохицуулахад амар байдаг. Хичээн ажиллая, бусад салбарынхнаас ахиу цалин, хангамж хүртье гэж бодсон нэгэн уурхайг сонгоход алзахгүй. Ер нь бүсгүйчүүд аливаа ажилд нягт нямбай ханддаг, тэвчээртэй нь эрчүүдээс давуу тал болдог тул бэрхшээх зүйл байхгүй.
 
-Зарим иргэн хөрс шороо, байгаль орчноо хөндүүлэхгүй хэмээн уурхайн тоог цөөлөх хэрэгтэй гэдэг. Уурхайд цөөнгүй жил ажилласан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Уурхайн орчин тоос шороо ихтэй, бага зэрэг л салхилахад цагаан тоос манардгийг та бүхэн харсан байх. Малын бэлчээрийг талхлах, ургамлын гарцыг багасгах, усны зарцуулалтыг ихэсгэн, малчдын он удаан жил нутаглаж ирсэн газар орныг эзлэн, байгальд сөргөөр нөлөөлж буй нь үнэн. Уурхайгаас үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулахаар хаана хаанаа олон арга хэмжээ авдаг. Гэхдээ тэдгээр ажил нь төдийлөн хүний нүдэнд үл анзаарагдам, зарим нь үр дүнгүй шахам байдаг нь анхаарууштай зүйл мөн. Хөрс шороог сэндийлэн, өгөөж шимийг нь хүртэж буйн хэрээр нөхөн сэргээх, болж өгвөл байгалийн унаган төрхөнд нь буцаан оруулахыг зорьж ажиллавал уурхай ашиглахад болохгүй зүйлгүй.
 
-Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцаач.
-Манай компанийн ажилчдын 14 хоногийн амралт тун үр бүтээлтэй өнгөрдөг болсон. Сүүлийн 1-2 жил биднийг сурч, боловсроход ихээхэн анхаарч, мэргэжлийн болон хувь хүнийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамруулж байна. Манайх кэмпдээ номын сантай болсны дараахан ажилчид уран зохиолын ном их авч уншдаг байсан. Одоо уул уурхай, барилга, ногоон байгууламжийн чиглэлийн мэргэжлийн ном унших нь нэмэгдсэн. Энэ нь бүх хүн өөрийн мэргэжлээ дээшлүүлэх бодол өвөрлөж буйн жишээ. Цөөнгүй залуус ахисан шатны сургалтад хамрагдахаас гадна ажиллахын хажуугаар их, дээд сургуульд сурч байна. Миний хувьд 240 тоннын даацтай дампын операторын сургалтад хамрагдсан. Тиймээс ажлын бүтээмжээ ахиулж, хамгийн их бүтээгдэхүүн тээвэрлэдэг машиныг жолоодоход бэлэн гэсэн үг. Хэрвээ жолоодож эхэлбэл миний мэдэхээр Тавантолгойн уурхайн хамгийн анхны 240 тоннын даацтай дампын эмэгтэй оператор болох байх. Боломж олдвол дээд мэргэжил эзэмшин, илүү ахисан түвшний ажил эрхлэхийг бодолгүй яах вэ. Хамгийн гол нь энэ уурхайдаа олон жил, үр бүтээлтэй ажиллахыг л зорьж байна.
НИЙТЭЛСЭН: 2019-12-11 өдөр 14:49:3 цаг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш