“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Токио хотноо болсон “Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Тавантолгой ордын бүтээн байгуулалт, дагалдах төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.
Мөн 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин, Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон байна.
Манай талаас оролцсон төлөөллүүд уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжуудын талаар форумд оролцогчдод танилцуулж, уулзалтууд зохион байгуулсан байна.