logo
Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

2020/01/23

УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана.  Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажил­ласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тойм­лож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүү­хэд­тэй өрх толгойлсон ээ­­жүү­дийг тусгайлан дэм­жинэ, “цалинтай ээж” хө­төл­бөрийг хэрэгжүүлнэ, ээ­жүү­дийн нийгмийн даат­галын шимтгэлийг тасал­даг­гүй болно, малчин эмэгтэй­чүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон.

Ж.Эрдэнэбатын, да­раа нь У.Хүрэлсүхийн тэр­гүүл­сэн Засгийн газрын ажил­ласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна.

Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, “Цалинтай ээж”-ийг цааш нь үргэлжлүүлнэ

Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр “..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх”, “…Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх”, “…Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх” зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр “…Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна.

Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв

УИХ-аас 2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд  нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн.

Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр,  хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ. 

Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ.  Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. “…Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд  төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг  тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн,  сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд  тэтгэмжийн даатгалын сангаас  олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход  840 мянган төгрөгөөр нэмэгдэж  хоёр сая 800  мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш