Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулав
Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвийн Туваанжав гэж цуутай эрүүгийн төлөөлөгч 1980-аад оны үед УЦСЕГ-ын ЭХЭС /Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах/ хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг гэмт этгээдүүд “Гаатуу” хэмээн хочилно. “Гаатуу” гэдэг нь зээтүү шиг гэсэн утгатай бөгөөд нуун далдалсан хэрэг явдлыг ч хөөн мөшгиж, ухаж төнхөж байгаад эзэн холбогдогчийг нь илрүүлчихдэг байснаас нь үүдсэн нэр ажээ. Мөн түүнийг “Далдыг илрүүлэгч” ч гэнэ. Түүний мөшгин илрүүлсэн хэрэг явдлуудыг хөөн судалж үзэхэд “Үнэндээ далдыг хардаг мэт гэмт хэрэгтнийг илрүүлж чадаж байгаа юм шүү...” гэсэн бодол төрнө. П.Туваанжав гавьяат олон түмэндээ нэр хүндтэйн дээр тэдэнтэй байнгын холбоотой байж, итгэл хүндэтгэлийг авч чадсанаас ажлын амжилт нь ихээхэн шалтгаалсан мэт санагдана. Тэгээд ч түүний өмнө гэмт хэрэгтэн этгээд үйлдсэн хэргээ үнэн байдлаар нь өчихөөс аргагүй болдог байх юм.
Хотын нэгэн дүүрэгт шөнө дундаас хойш гал гарч, гэр шатжээ. Шатсан гэрээс нэг хүний цогцос олдов. Гэтэл ... районы цагдан сэргийлэх хэлтсээс цогцсыг гэрийн эзэн “Д”-гийнх мөн гэж үзээд, нас барсан тухай хуулийн байгууллагад мэдэгдэлгүйгээр цогцсыг оршуулсан байв. Энэ явдал болсноос хойш бараг жилийн дараа хэн нэгэн хүн “Д”-ийн амийг хорлож, түүнээ нуун далдлахын тулд гал тавьсан байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлэх үндэслэл гарч ирэв. Цогцсонд шинжилгээ хийсэн дүгнэлтээс үзэхэд ч хурц ирмэгтэй зүйлийн цохилтоос цогцсын гавлын яс цөмөрчээ. Амьд үед нь ийм гэмтэл учирвал үхэлд хүргэж болно. Цогцсын дотор эрхтэн хорхойд идэгдэн устсанаас “Д” угаартаж гэртэйгээ шатсан уу? Толгойд учирсан дээрх гэмтлийн улмаас нас барчихсан байсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргаад байв. 1978 оны үед гарсэн эл хэрэг явдлын үнэн учир тайлагдахгүй явсаар зургаан жил өнгөрчээ.
Тэгтэл ЭХЭС хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, хошууч П.Туваанжав гэмт хэрэг нөхөн илрүүлэх үүрэг даалгаврын дагуу уг хэрэг дээр ажилласан бөгөөд хохирогчийн ар гэрийнхний мэдүүлгүүдтэй танилцахаас ажлаа эхэлжээ. Хохирогч “Д” эхнэр “Л”-ийн мэдүүлэг анхаарлыг нь татахад түүнтэй уулзаж, хэрэг явдлыг тодруулжээ. Тэгтэл тэрээр “Манайд Торгууд гэж нэг хүн ирдэг байсан юм. Нөхөр маань намайг түүнтэй хардаад байсан. Торгууд бол хүнд гэм хоргүй хүн. Тэгтэл нөхөр маань түүнийг ална тална гэж агсарч байгаад илүү гэрт орж унтсан. Шөнө илүү гэр маань шатаж, түүнийг гэрээс гаргаж чадаагүй” гэж учирлажээ. П.Туваанжав хошууч тэр Торгууд гэдэг хүнийг олж уулзахаар эрэн сурвалжилж явах болов. Гэр шатсан хэрэг явдлаас хойш Торгууд гэгч нөхөр ор сураггүй алга болсон нь ч сэжиг төрүүлжээ.
Торгууд гэгч нь “Хав хар царайтай, бөгтөрдүү, өндөр нуруутай, хөвөнтэй куртик, өмдтэй явдаг байсан” гэх аман зураг гаргажээ. Нэг өдөр хамар хашааных нь хүн П.Туваанжав хошуучид “Чиний яриад байсан хүн чинь Найрамдал сангийн аж ахуйд засварчин хийж байна. Би сайн ажсан мөн байна билээ” гэжээ. Хошууч сангийн аж ахуй руу очиж шалгахад нээрэн л Торгууд тэнд ажиллаж байж. Дөлгөөн тогтуухан атлаа, эрс шийдэмгий асуулт тавьж байгаа хошуучийн харцнаас Торгууд гэгч тэр эр харц дальдарч, хулмалзан суусан гэдэг. Торгууд хэргээ хүлээсэн тухайгаа ярихдаа “...Хошууч П.Туваанжав гуай ер нь юмны үнэн мөнийг нэг бүрчлэн олж сурсан, хүнлэг дөлгөөн ааштай, ёстой сэргийлэхийн ажилтан хүн юмаа. Би тэр хүүхэнд энэ хэргийг хэзээ ч хэнд ч яасан ч ярихгүй гэж тангарагласан. Түүндээ хүрнэ гэж бодож байсан мөртлөө өнөөдөр хүлээж орхилоо. Хуулийн хүний хүнлэг зөөлөн сэтгэл, үнэнийг ойлгуулж, хийсэн нүглийг минь баримтаар нотлоод өгөхөөр нууж далдлах юм гэж байдаггүй юм байна. Би зургаан жил болчихоор нь одоо баригдахаасаа өнгөрлөө гэж боддог байсан юм...” гээд хөлсөө арчиж, уртаар санаа алджээ. Ийнхүү хохирогч “Д”-гийн эхнэр “Л”, Торгууд гэгчтэй эр, эмийн харилцаа тогтоож, улмаар нөхрийнхөө амь насыг хохироосон ноцтой гэмт хэргийг зургаан жилийн дараа гавьяат хуульч, хошууч П.Туваанжав 1984 онд нөхөн илрүүлжээ.
Хөдөлмөрч хичээнгүй, шударга, тусархуу, зарчимч, хамт ажиллагсадынхаа ар гэрт үргэлж санаа тавьж, ах дүү шиг нь сэтгэл чилээн явдаг гээд П.Туваанжавын тухай элэг сэтгэлийн халуун дурсамжууд бишгүй л нэг байх юм. Түүний охин Т.Эрдэнэханд аавынхаа тухай дурсан ярихдаа, “...Би багадаа аавынхаа ямар ажил хийдэг байсныг сайн мэддэггүй байсан. Зарим үед ааваас асуухад миний ажил нууц, хамаагүй юм ярьж болдоггүй юм шүү охин минь гээд .... Аав нь хэрэг хийсэн хүмүүсийг олж, тэднийг зөв замд нь оруулах ажил хийдэг юм аа гэж хэлж билээ. Аав, ажлаасаа их оройтож ирдэг, бид ч аавынхаа барааг бараг л хардаггүй байсан шүү. Нэг удаа аавтай явж байсан чинь нэг өндөр шар хүн хүүе сайн байна уу? “Гаатуу” гээд л сүйд болж мэндэлсэн. Би гайхаад аав аа энэ юун хүн юм бэ, таныг яагаад ийм нэрээр дуудаад байгаа юм гэхэд аав маань, аа энэ хулгай хийдэг хүн байсан юм. Аав нь зөв замд нь оруулж өгсөн юм, тэгээд аавд нь талархаж явдаг юм гэж хэлж билээ...” гэв.
П.Туваанжав нь эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах албанд ажиллах хугацаандаа 2000 гаруй эрүүгийн хэрэг илрүүлсний тал нь хулгайн хэрэг байжээ. Хулгайн хэргээр баригдаж хоригдогсдын олонх нь түүнтэй найз болж, хожим үнэнч шударгаар хөдөлмөр эрхлэх болсон гэдэг. Тухайлбал,1973 онд Улаанбаатар хотын мэргэжилтний 20 дугаар дэлгүүрийн цонхны шилийг хагалан орж, 105 ширхэг алтан цаг, нэхий дээл зэрэг 200 гаруй мянган төгрөгний эд зүйл хулгайлсн Дэмид, Гарамханд нарт холбогдох хэрэг, 1979 онд бусдын 17 мотоциклийг хулгайлан зарж, хуурамч бичиг баримт, үнэмлэх үйлдэн цагдаагийн ажилтны нэрээр хүмүүсийг торгох зэрэг олон удаагийн хулгай, залилан дээрмийн хэрэг үйлдсэн Чойнхорын Дүгэрээ, Сансар хэмээх Нацагдорж нарт холбогдох хэргүүд юм.
Пүрэвийн Туваанжав нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Их булан хэмээх газар 1926 онд төржээ. 1961-1980 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт паспортын бүртгэгч, хэрэг бүртгэгч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, 1981-1984 онд Засан хүмүүжүүлэх байгууллагуудын удирдах газрын гүйцэтгэх албаны хэлтэст ахлах төлөөлөгч, 1984-1988 онд УЦСЕГ-ын ЭХЭС хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдан сэргийлэх ангид эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байдаг. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, байлдааны болон ойн медалиудаар, 1980 онд тэргүүний сэргийлэгч, гал сөнөөгчдийн улсын V зөвлөгөөний үеэр БНМАУ-ын “Гавьяат хуульч” цолоор шагнажээ.
П.Туваанжав хошууч шавилхан биетэй ч хугайч луйварчдын зүрхнийх нь шар усыг хуруулж явсан түүхтэй. Гэмт хэрэгтэн, хулгайч нар ч ““Гаатуу”-гийн гараас нэгэнт мултрахгүй боллоо. Танагтай дээрээ болих минь” гээд зарим нь хулгай зэлгий хийж явахаа больсон гэдэг юм. Гявьяат хуульч П.Туваанжав нь ажиллаж хөдөлмөрлөж явсан он жилүүддээ үнэ цэнэтэй, нэр төртэй цагдаагийн шилдэг алба хаагч байсныг нотлох энэ мэт баримт олон.
Мөн тэрээр ус уухын хувьтай, азтай төрсөн хүн юм. 1987 онд мөн л гэмт хэргийн араас мөшгин хөөж яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сум буюу нутагтаа ажлаар очжээ. “Царцаа ногоон” онгоц цагийн дараа хөөрөх гэж байхад гэмт эдгээдийн араас хөөж, сэжүүр олоод онгоц руугаа гүйж явтал гудамжинд ангийнх нь охин таарчээ. Хүүё. Ээ гээд сүйд майд болон уулзаад явах гэтэл нөгөөх нь “Чи сэргийлэгч болоод нутаг орондоо ч ирэхгүй их зантай болчихож, ядаж манайд ороод цай уугаад яв гэж шалсаар гэртээ дагуулан оржээ. Шинэ цай чануулахгүй шүү гэж яарсаар аяга цай уучихаад гараад ирэхэд нь онгоц аль хэдийнэ хөөрчихжээ. Яаруу буцах ёстой байтал онгоцноосоо хоцорчихлоо гэсээр найзындаа хоноглов. Гэтэл маргааш нь түүний суух ёстой байсан мөнөөх онгож замдаа осолдож, сууж явсан хүмүүс нь цөм амь үрэгдсэн тухай таагүй мэдээ зурагтаар гарч байсан гэдэг. Гэвч, гавьяат хуульч П.Туваанжав 2014 онд 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
ЦЕГ-ын Төв Архивын түүх судлалын секторын судлаач Г.Лхагвадорж