Ирэх оноос даатгуулагчдад ашигтай хэд хэдэн хуулийн заалт нийгмийн даатгалын салбарт хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа.
- 2020 оноос хэрэгжиж эхлэх хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? Иргэдийн тухайд нийгмийн даатгалаа нөхөн төлж болох юм байна гэсэн ойлголттой байна л даа.
УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нэг жил. Өөрөөр хэлбэл 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм. Ингэснээр 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.
-Тэгэхээр бүх иргэн шимтгэлээ төлөх боломжгүй зорилтот бүлгийг тогтоосон юм байна шүү дээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлнэ. Малчдын хувьд малын тооллогын бүртгэл буюу А дансаараа нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох тул Татварын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлана. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.
- Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан тэдгээр бичиг баримт нь байхгүй тохиолдол гарч болзошгүй юм. Байнга нүүдэл суудал хийдэг шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?
Малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үед малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Тус зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь тодорхойлох үйл ажиллагаа явуулж байгаа.
- Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг.
- Хуулийн үйлчлэлийн хамрах хүрээний талаар судалсан болов уу? Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан уу?
Тооцоолол хийсэн. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн энэ хуульд хамрагдах боломжтой байна. Тэтгэврийн даатгал нөхөн төлөх журмыг Засгийн газар батлах ба үүгээр бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад харилцааг нарийвчлан зохицуулна. Энэ тухай бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно.
- Өөр ямар хууль хэрэгжих вэ?
Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал энэ хугацаанд албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа л олгодог байсан бол одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм. Өөр нэг иргэдийн сонирхож байгаа хуулийн өөрчлөлт нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,6 жил нэмэгдүүлэх хуулийн заалт. Ингэснээр эхчүүдийн нийт шимтгэл төлсөн жил нь төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулан ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.