logo
Хог хаягдлыг ашиглаж үйлдвэр байгуулах нь эрх мэдэлтнүүдэд таалагдахгүй байна

Хог хаягдлыг ашиглаж үйлдвэр байгуулах нь эрх мэдэлтнүүдэд таалагдахгүй байна

2011/11/11
Монголын 2 сая 700 мянган иргэний өмчийг хоёр гуравхан хүн хувийн компанидаа нууцаар тасалж өгөхдөө дуугараагүй байж, 33 мянган иргэн хуулийн дагуу "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран ажиллая гэснийг гуйвуулан олон нийтийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл өгч, өөрсдийнхөө хууль бус ажиллагааг далдлахыг оролдож байна гэж "Зэс эрдэнийн хувь"ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооныхон өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
    Хувьцаа эзэмшигчдийн түр хорооны гишүүн Э. Мөнхжаргал "Зэс эрдэнийн хувь компани нь 2010 оны 6-р сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор тус компани 33,000 гишүүнтэй бөгөөд 21,000 гишүүн нь хувь хөрөнгөө оруулж, нийтдээ 70 сая төгрөгийн хөрөнгөтэй компани  аж. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш эсэлдсэн хүдрийн хаягдлыг түшиглэн үйлдвэр байгуулах асуудлыг тасралтгүй хөөцөлдсөн боловч "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын зүгээс элдэв төрлийн үндэслэлгүй саад бэрхшээл учруулсаар, өнөөдрийг хүртэл асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхгүй байна" гэв.  
     Орхон аймгийн иргэдийн судалгаагаар "Эрдэнэт" үйлдвэрийн балансын бус технологид тохироогүй хаягдал эсэлдсэн хүдрийг хамгийн анх 1997 онд "Эрдмин" хэмээх компани ашиглаж эхэлсэн. 2010 онд "Эрдмин" компани 27 тэрбум төгрөгийн  орлого олж, 15 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашиг олжээ. Энэхүү компанийг хоёр, гуравхан эрх мэдэлтнүүдийн эзэмшлийн компани гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа нь Орхон аймгийн байгаль орчин, оршин суугчдын эрүүл ахуйд асар их сөрөг нөлөө үзүүлдэг талаар эрдэмтэн судлаачид олон жил ярьж байгаа боловч арга хэмжээ авдаггүйг судалгаагаар  нотолсон байна.
        Мөн тэрээр цааш нь хэлэхдээ, Орхон аймаг 90,000 оршин суугчтай. Эдгээр иргэдийн 30,000 нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Тус аймгийн 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдардаг гэсэн судалгаа бий. Иргэд  өөрсдөө ажиллаж, сайхан амьдрахыг хүсдэг боловч ямар  ч дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй, биднийг хавьчин гадуурхаж байгаа нь хүний эрхийг дэндүү зөрчиж байгаа бүдүүлэг явдал.  Магадгүй энэ хаягдал гэх нэртэй овоолгоостой шороог ашиглавал маш үнэд хүрэх эрдэнэ болохоор эрх мэдэлтнүүдийн шуналыг татаад байх шиг.  Ашиглахгүй байгаа хог хаягдлыг боловсруулан, "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарсан гэрээ байгуулан, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралд тус болъё гэхэд тус үйлдвэрийн туршилт судалгаа явуулах зөвшөөрөл олгох ерөнхий захирал Ч. Ганзориг шийдвэр гаргах эрх Монголын талд байсаар байтал Оросын тал асуудлыг хүндрүүлж байгаа мөн жагсаал цуглаантай холбоотой асуудлыг үнэн зөвөөр хүргэхгүй ташаа мэдээллүүдийг   хийж байгаа нь бас л сонин юм" гэлээ.
    Хамгийн гол нь бид Эрдэнэтийнхний энэхүү санаачлагын үр дүнд ганц нэг хүн, гадаадын иргэн биш олон мянган жирийн иргэн үр ашгийг нь хүртэхүйц үйлдвэр баригдах учраас, Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр болон Монголын ард иргэдэд ашигтай томоохолн бүтээн байгуулалт болно" хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.   
  
      
Б. Мандуул
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш