logo
Б.Түмэнцэнгэл: Инфляцийн 8 хувийн зорилт мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зайг олгосон

Б.Түмэнцэнгэл: Инфляцийн 8 хувийн зорилт мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зайг олгосон

2020/02/03

Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харахад инфляци 5.2 хувь руу буурсан. 2019 оны сүүлийн хоёр сард инфляци харьцангуй  нам дор түвшинд байлаа. Үүнийг хүнсний үнийн нөлөөлөлтэй холбон авч үзэж байна уу, эсвэл эдийн засаг бидэнд арай өөр дохиог өгч байна уу?

2019 оны эцэст инфляци улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт 5 хувь байв. Ингэж инфляци Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн нь үндсэн хоёр шалтгаантай гэж харж байна. Нэгт, үнэ бол зах зээл дээрх идэвхжлийг харуулдаг чухал индикатор болдог тул эдийн засагт эрэлт суларч эхэлснийг илэрхийлж байна. Монголын эдийн засагт 2019 оны гуравдугаар улирлаас хойш идэвхжил бага зэрэг саарсан дохио ажиглагдаж эхэлсэн нь үнэ дээр ийнхүү илэрлээ. Банкны салбарын зээл 11-р сарын байдлаар жилийн өсөлт нь 7.6 хувь болж саарсан, төсвийн хувьд хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл анх 3.2 их наяд гэж төлөвлөгдөж байсан хэмжээндээ хүрэлгүй оны эцэст 2.8 их наяд төгрөг буюу 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй гарсан зэрэг нь эрэлт талд нөлөөллөө гэж харж байна. Гэхдээ эдийн засгийн фундамент сайн хэвээр байгаа, өрхийн бодит орлого үргэлжлэн өсч байгаа тул эрэлтийг илэрхийлэх суурь инфляци харьцангуй тогтвортой хэвээр байна. Нөгөө талаас суурь инфляци тогтвортой байгаа боловч нийлүүлэлтийн шалтгаанаар ерөнхий инфляцийг өдөөж байсан цөөн хэдэн нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн савалгаа багассан. Тодруулбал, махны үнэ, хатуу түлшний үнэ, бензиний үнийг нэрлэж болно. Эдгээр бүтээгдэхүүний хувьд инфляцид үзүүлэх өндөр нөлөө нь харьцангуй тогтворжсон байна.

Үүнтэй холбоотой асуухад манай улсад махны үнэ өсөхөд Хятад улсад гахайн мялзан өвчин тархсан явдал өндөр нөлөөг үзүүлсэн. Энэ оны хувьд ч махны эрэлт нь өснө гэсэн таамаглал байна л даа. Энэ нь манай улсын инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү.2020 онд хүнсний үнэнд дахиад мэдрэгдэх эсэх дээр та бүхэн хэрхэн тооцоолж байна вэ?

Махны үнийн хувьд улирлын нөлөө ихтэй байдаг. Харин экспортоос хамаарсан үнийн хэлбэлзэл бол цэвэр дотоодын зохицуулалттай холбоотой. Хятад улс гахайн махны дэлхийн зах зээлийн тал орчмыг дангаараа бүрдүүлдэг том зах зээл. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мялзан өвчнөөс болж 400 гаруй сая толгой гахайнаас 100 гаруй сая буюу 30-аад хувь нь хорогдсон. Энэ их дутагдлыг гаднаас орлох бүтээгдэхүүнийг импортлох замаар нөхөж байгаа. Монголын хувьд 2018 оны 2 дугаар хагасаас эхлээд дулааны аргаар боловсруулсан махны экспорт огцом нэмэгдсэн нь үүнтэй ихээхэн холбоотой. Ойрын хугацаанд Хятадын гахайн махны зах зээл дээр үүссэн энэ асуудал хялбар шийдэгдэх магадлал бага гэгдэж байна. Иймд цаашид Засгийн газраас махны экспорт дээр ямар бодлого баримтлах,  дотоодын зах зээл дээр ямар зохицуулалт хийхээс маш махны үнэ ихээхэн хамаарна.

Дотоодын зохицуулалт зөв байвал махны үнээс хамаарсан инфляцийн дарамт үүсэхгүй гэж ойлгож болох уу?

Дотоодын нийлүүлэлтэд огцом шок үүсгэлгүйгээр экспортоо дэмжиж, валютын орлого олж, нөөц хуримтлуулах бодлого баримтлах зохицуулалтыг хийвэл инфляцид ч, төлбөрийн тэнцэлд ч дарамтгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Инфляцийн тайланд эдийн засгийн өсөлт 2020 онд 5.6-5.7 хувь байна гэж тооцоолсон байгаа. Тэгвэл дийлэнх эдийн засагчдын санал нэгдэж байгаа зүйл бол төсөв тийм ч сайн биш, алдагдалтай батлагдсан. Яг бодит гүйцэтгэлээр нь харах юм бол уул уурхайн орлого төсөвт тусгаснаас ч илүү буурахаар байгаа нь  алдагдал улам нэмэгдэж магадгүй байгаад байна. Ийм үед Төв банкнаас ямар бодлого барих бол?

Төв банкны хувьд бодлогын зорилго чиглэлийг нь Төв банкны тухай хуулиар маш тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд ажиллана гэсэн үг. Төсвийн бодлого ямар байхаас үл хамаараад Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх бодлогоороо дамжуулж, үндсэн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана. Харин төсвийн бодлогыг дүгнэх нь бидний гол ажил биш. Төсвийн бодлого дээр 2 ерөнхий зүйлийг онцолж болно. Нэгт, Таны хэлснээр орлого талдаа түүхий эдийн зах зээлээс хамаараад эрсдэл бий тул зардал талд сахилга бат мэдээж чухал. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдал болон өрийн түвшнээ хуульд заасан хэмжээнд нь нийцүүлж барих шаардлагатай. Дээр нь олон улсын байгууллага, хөндлөнгийн эдийн засагч нарын анхааруулдаг гол зүйл бол хөрөнгө оруулалтын зардлын үр ашиг. Өөрөөр хэлбэл, төсвийг яг өнөөдрийн хэрэглээндээ зарцуулах юм уу, аль эсвэл ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшил, өсөлтөд хэрэгтэй чухал хөрөнгө оруулалтуудад зарцуулах юм уу гэдгээс ирээдүйн эдийн засгийн тогтвортой байдал маш их хамаарна.

Инфляцийн тогтвортой байдлыг хангахад мэдээж хэрэг Засгийн газрын үүрэг оролцоо байгаа шүү дээ. Иймд бодлогын харилцан уялдаатай байж чадаж байна уу?

Аль аль нь зохицуулагч байгууллагын хувьд бол дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Монголбанкны хувьд мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлийн бодлогоор дамжуулж энэ үүргээ биелүүлэхийг зорьдог. Инфляцийн хувьд, ялангуяа, нийлүүлэлтийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийн огцом өөрчлөлтөд Засгийн газрын үйл ажиллагаа илүү чухал. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвараас хамаарал багатай, аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт гэсэн үг. Тухайлбал, Улаанбаатарын гэр хороололд хэрэглэгддэг хатуу түлшний үнийн савлагаа 2017-2018 онуудад инфляцийг хөөргөдөх нэг гол шалтгаан болж байсан бол 2019 онд Засгийн газраас хийсэн зохицуулалтыг нэлээд оновчтой боллоо гэж үзэж байна. Үр дүнд нь инфляцийг савлуулах гол хүчин зүйлийн дотор хатуу түлш багтахаа больсон байгаа. Энэ мэтчлэн нийлүүлэлтийн шинж чанартай үнэ нь савладаг бүтээгдэхүүнүүд дээр Засгийн газрын оролцоо, зохицуулалт чухал үүрэгтэй байдаг. Харин Төв банк болохоор аль нэг тодорхой бүтээгдэхүүний үнэ гэхээсээ нийт эдийн засгийн идэвхжил болон ерөнхий үнийн түвшин хэрхэн уялдаж байгаа дээр гол анхаарлаа хандуулдаг. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд ч эдийн засгийн эрэлт талд нөлөөлнө.

Инфляцийн зорилтод түвшин 8 хувь байна гэсэн Төв банкны зорилтыг зарим эдийн засагчид үүнээс доош байх ёстой гэсэн ялгаатай байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл Төв банкны энэ зорилт хэзээнээс буух вэ?

Хөгжсөн улс орнуудын инфляци нэлээд нам дор түвшинд байдаг нь үнэн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн шат, зах зээлийн дэд бүтцийн үр ашигт байдлаас эхлээд хэрэглэгчдийн нас, орлогын түвшин, зан төлөв гээд олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээр улс орнуудын төв банкууд 2 хувийн инфляцийн зорилт тавин ажилладаг. Хөгжиж байгаа улсуудын хувьд арай өөр. Эдийн засаг нь өндөр хөгжилд хараахан хүрээгүй, орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь тэлж буй, мөн зам дэд бүтэц тээвэр ложистикоос хамаарч үнэ хэлбэлзэх тохиолдол ч байдаг, үүнийг дагаад үнийн хэлбэлзэл өндөр, инфляци өндөр байдаг. Манай улсын хувьд бол эдийн засгийн бүтцээсээ хамаараад үнийн хэлбэлзэл өндөр, тухайлбал 2006-2016 оны 10 жилийн дундаж инфляци 10 хувь байдаг. Энэ өндөр, савлагаатай инфляцийг яаж тогтвортой алгуур бага, нам дор түвшинд оруулж ирэх вэ гэдэг нь төв банкны мөнгөний бодлогын зорилт. 8 хувийн зорилт нэг талаас инфляцийг алгуур буулгахаас гадна мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж, сэргэлт бий болох орон зайг олгосон бөгөөд өнгөрсөн 3 жилд зорилтоо хангаад явж байна. Цаашид дунд хугацаанд инфляцийг 6 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигтээ тусгасан.

1870 –аад оноос хойш сонгуулийн үр дүнгийн талаар хийсэн судлагаануудад санхүү эдийн засгийн хямралын дараа улс төрчдийн популист улс төрчдийн дэмжлэг мэдэгдэхүйц нэмэгдэг байна л даа. Тэгэхээр манайд популист улс төрчдийг дэмжихүйц хэмжээний эдийн засгийн хүндрэл үүссэн байна уу?

Популизмын хөрс нь нийгмийн уур бухимдал байдаг. Хямрал маш олон хүний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Нийгмийн уур бухимдал тултал нь өссөн үед үүн дээр нь популистууд тоглолт хийж гарч ирдэг гэсэн ерөнхий зүйл тогтлыг харж болно. Гэхдээ мэдээж тэрхүү бухимдлын суурь шалтгаан шийдэгддэггүй, хүмүүсийн амьдрал сайжирдаггүй. Монгол Улсын хувьд бол эдийн засгийн сэргэлтийн дунд, 2017 оны 1-р улирлаас хойш 12 улирал дараалаад өрхийн бодит орлого өсөлттэй явж байгаа. ДНБ-ийн өсөлт гэдэг ч юм уу макро тоонуудаас гадна хэрэглээн дээр ч эдийн засгийн сэргэлт харагдаж байгаа. Мэдээж нийгмийн багагүй хэсэг ядуурал дунд хүнд амьдарч байгаа ч, гол бухимдал нь хямрал эсвэл эдийн засгийн хүндрэл гэхээсээ шударга ёс гэдэг ч юм уу, арай өөр зүйлтэй холбоотой болов уу.

Бодит орлого гэхээр хүмүүсийн хувьд хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийг худалдан авах чадвар нэмэгдэж байна гэж ойлгож болох уу? 

Нэрлэсэн орлогын өсөлтөөс инфляцийг хассанаар цаана нь яг бодитой худалдан авах чадвар өссөн үү гэдэг үзүүлэлт гэсэн үг. Монголд эдийн засгийн сүүлийн хүндрэлээр 2014 оны 1 дүгээр улирлаас 2016 оны эцэс хүртэл өрхийн бодит орлого 12 улирал дараалж агшсан. Харин 2017 оны эхнээс өнөөг хүртэл 3 жил дараалан өсөлттэй явж байна. Өөрөөр хэлбэл, нийт 900 мянган өрхийн бодит орлого дунджаар өсөлттэй байгаа нь эерэг үзүүлэлт гэсэн үг. Хэдийгээр орлогын тэгш бус байдлын асуудал бий боловч, эдийн засаг талаасаа айхтар популизмын хөрсийг бүрдүүлэх шалтгаан бүрдээгүй болов уу гэж хувь эдийн засагчийн хувьд үзэж байна.

Нэгдүгээр сар гарснаас хойш Монголбанк 214 орчим сая ам.долларыг валютын захад дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ дүн 35 орчим хувиар нэмэгдсэн байгаа. Нэмэгдэж байгаа шалтгаан нь юу байна вэ. Хийсвэр хүлээлт байна уу, эсвэл үнэхээр бодит эрэлт байна уу?

Монголбанк эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцгүй, үнийн тогтвортой байдал болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй огцом савлагааг намжаах зорилгоор валютын захад оролцдог. Эдийн засгийн суурь нөхцөл гэдэг нь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцэлтэй шууд холбоотой. Төлбөрийн тэнцлийн шинэ тоонууд гарахаар тухайн сард валютын урсгал ямар бэ гэдгийг том зургаар нь харж болно. Эдийн засгийн байдлаа харвал хэдийгээр идэвхжил тодорхой хэмжээнд саарах үйл явц ажиглагдаж байгаа ч фундамент нь тогтвортой хэвээр байгааг санах хэрэгтэй. Зах зээлийн хувьд  эдийн засгийн суурь нөхцөл байдалтай нийцгүй богино хугацааны хүлээлтээр өдөөгдсөн хэлбэлзэл, чичиргээ үе үе байдаг. Монголбанкны хувьд өнгөрсөн жилүүдэд 4 тэрбум орчим ам.долларын нөөц хуримтлуулсан тул иймэрхүү хөдөлгөөнүүдийг хязгаарлах орон зайтай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд гадаад болон дотоод шалтгаантай ханш дээрх шокуудыг зөөлрүүлсээр ч ирсэн.

Валютын ханшийн хөдөлгөөн, инфляцийн түвшин, орлогын түвшинг харьцуулбал, Монгол хүний амьдрал хэр сайжирсан бэ, орлого хэр нэмэгдсэн байна вэ?

Орлогын өсөлт гэдэг зүйлийг бид илүү урт хугацаанд авч үзэх ёстой. 1990 оноос хойш яаж өөрчлөгдсөн бэ, 2000 оноос хойш яаж сайжирсан байна вэ, сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг харвал маш тодорхой харагдана. Монголд нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ 1990 оноос хойш нэрлэсэн дүнгээрээ 10 дахин, бодит дүнгээрээ 3 дахин өссөн байна. Энэ нь ч хүмүүсийн амьдралд, хэрэглээнд тусгалаа олсон нь харагдана.

Нэг жишээ хэлэхэд, 2006 оны нэгдүгээр улирлын байдлаар монгол хүний сарын дундаж цалин 120 мянга орчим төгрөг байсан. Энэ нь 2019 оны эцэст 1 сая 200 мянга орчим болж, 10 дахин нэмэгдсэн байгаа. Энэ хугацаанд төгрөгийн нэрлэсэн ханш ойролцоогоор хоёр дахин суларсан байна. Инфляцийг авч үзвэл хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ дунджаар 3 дахин өссөн. Энэ хугацаанд орлогын өсөлт ийнхүү үнэ, ханшийн өөрчлөлтөө давсан учраас л хүмүүсийн хэрэглээ, гудамжаар явж байгаа автомашинуудын тоо, чанар зэргээс амьжиргааны түвшний өсөлт шууд харагдаж байгаа. 1990, 2000 он байтугай 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ч монголчуудын хэрэглээ, амьжиргаа их өөр болсон нь зардлаа санхүүжүүлэх орлогыг олсны л үр дүн болов уу.

Өнгөрсөн хугацаанд мэдээж ханшийн өөрчлөлт, инфляцийн өөрчлөлтийг давсан хэмжээний орлого бий болж, хүмүүсийн амьдрал сайжирсан байна. Тэгвэл ирэх 10 жилийн хугацаанд бид өнөөгийн эдийн засгийн моделиороо явбал, орлого маань үргэлж инфляци, ханшийн өсөлтийг давж байх боломжтой юу. Эдийн засгийн загвартаа бид хэрхэн анхаарах ёстой вэ?

Өнгөрсөн хугацааны өсөлт нь ерөнхийдөө уул уурхайн их тэлэлтийн нөлөө. Бидний экспортоор олсон валют амьдралд ингэж нөлөөлсөн байна. Дээр нь гадаад зээлээр хэрэглээгээ нэлээд санхүүжүүлсэн. Уул уурхайн хувьд мэдээж хязгаартай. Монгол Улс дэлхийн зах зээл рүү бүтээгдэхүүнээ шууд гаргаж чаддаггүй, хоёр хөршийн зах зээлээс, бодлогоос их хамаардаг. Үүнийг давж экспортолж, валютын орлого олох боломж юу байна вэ гэдгээс их зүйл хамаарна. Дан ганц байгалийн баялаг хязгаартай тул цаашид монгол хүний ур чадвар, бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрөх шаардлагатай. Цаашид өрийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ валютын нэмэлт орлого хэрхэн олох вэ гэдгээс үнэ ханшийн өөрчлөлт, орлогын өсөлт ихээхэн хамаарна.

Мэдээж хүнийхээ чадварыг сайжруулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр ойрын хугацаагаа харвал Монголын эдийн засаг гадны нөлөөллөөс их хамааралтай хэвээр байна. Хятад, Америкийн худалдааны дайн арай нааштайгаар шийдэгдэж байх шиг байна. Үүний нөлөөлөл 2020 онд яаж нэмэгдэх вэ. Энэ нөлөөллийн дунд бид төсвийн ямар бодлого хэрэгжүүлж байж, ирээдүйд мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, боловсролын салбараа дэмжих вэ?

Нийт төсөвт боловсролын салбарын эзлэх хувь хэмжээ тийм ч бага биш. Гэхдээ боловсролд зарцуулж байгаа төсвийн хөрөнгө нэг хүнд ногдох дүнгээрээ бага. Цөөн хүн амтай учраас татварын орлогын дүн нь өөрөө бага. Үүнийгээ хүн амдаа хуваахаар нэг сурагчид зарцуулж байгаа мөнгөн дүн хангалтгүй, нэг багшид өгч байгаа цалингийн хэмжээ хангалтгүй байна гэж харагддаг. Иймд энэ бага санхүүгийн нөөцийг зарцуулалахдаа үнэхээр 21 дүгээр зууны өндөр мэдлэгтэй монгол хүнийг бий болгоход чиглэж байна уу, эсвэл харьцангуй шаардлага багатай үр ашиггүй зарцуулалт болоод дуусч байна уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.  

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш