logo
Улс төрд эмэгтэйчүүд олноороо ороосой гэж хүсдэг гэлээ

Улс төрд эмэгтэйчүүд олноороо ороосой гэж хүсдэг гэлээ

2011/11/12
Аль ч гэр бүлд эмэгтэйчүүд та бүхний манлайлал, санаачилга нь тухайн гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг хэмээн  “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” форумын нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос  тус форумыг зохион байгуулж байгаа бөгөөд хот , хөдөөгийн 1000 гаруй  эмэгтэйчүүд уг чуулганд  төлөөлөгчөөр хүрэлцэн иржээ.
 Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд цааш хэлсэн үгэндээ  “2011 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр одоо яг 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл  явдал боллоо. Тоон бэлэгдлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөл биз ээ”  хэмээн тэмдэглээд, өнөөдрийн эрчимтэй өрнөж байгаа  их  бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн дундаас ундран гардаг санал санаачилга, бүтээлч шийдлүүдийн үр өгөөж ач холбогдол улам бүр өсч байна гэдгийг дурьдлаа. Хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтын анхны алхмыг хамтарсан Засгийн газар хийж эхэлж буйг гүйцэтгэх засаглалын тэргүүн  тэмдэглэхийн сацуу томоохон хөтөлбөр бодлогуудын талаар тодорхой мэдээллийг форумын төлөөлөгч эмэгтэйчүүдэд өглөө.
Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Би Ерөнхий сайдын ажлыг аваад УИХ-д хандаж хэлсэн үгэндээ гэр бүлд чиглэгдсэн бодлогод онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж байсан. Энэ бодлого зорилтоо хэрхэн хэрэгжүүлэхээ олон удаа эргэцүүлэн бодож, эрдэмтэн мэргэд,намын нөхөд, ажлын алба, мэргэжлийн холбоодтой санал солилцож “ Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боллоо ” хэмээгээд, хөтөлбөр эхэлснийг  энэ үеэр   зарлалаа.  Энэхүү хөтөлбөрийг “  Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр  бүлийн хөгжлийн асуудлыг орчин үеийн нөхцөл байдал,тулгамдсан асуудлуудтай цогцоор нь авч үзэн боловсруулах болно” хэмээн тэмдэглээд, энэ бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлагч эмэгтэйчүүд та бүгдийн туршлага,  бүтээлч эрмэлзэл, үр хүүхдийнхээ  ирээдүйг бодох сэтгэл онцгой ач холбогдолтой гэлээ. Мөн дэлхийн 40-өөд улсуудад туршлага нь дэлгэрч үр ашгаа өгч байгаа “ Эмэгтэйчүүдийн банк” байгуулах танай форумын санаа сэдлийг дэмжиж ажил хэрэг болгоход МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд санаа тавьж дэмжин ажиллах болно гээд, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг цогцлон байгуулах нь зайлшгүй шаардлага мөн юм. Тиймээс би эмэгтэйчүүдийг улс төрд олноор ороосой гэж боддог хэмээн тэмдэглээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш