logo
АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулиа яаралтай батлах нь зүйтэй гэж үзжээ

АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулиа яаралтай батлах нь зүйтэй гэж үзжээ

2011/11/15
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээлэл болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Эдгээр төслөөр байгуулсан хоёр намын бүлгийн болон байнгын хороодын ажлын хэсгүүдийг мөнгөний бодлого нь төсвөө, төсөв нь мөнгөний бодлогоо дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудыг оролцуулан хамтран ажиллах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө. 
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Бүлгийн гишүүд сонгуулийн тухай хуулиа яаралтай батлан гаргах нь зүйтэй гэдэгт дахин санал нэгдлээ. Харин УИХ-ын сонгуулийн хуулийг дагаж гардаг сонгуулийн тойрог мандатыг хуваарилах УИХ-ын тогтоолоо хамт баталж гаргахыг дэмжив. Мөн бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийн талаар УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл, ТББ-уудтай санал солилцох зэргээр хамтран ажиллахыг ажлын хэсгийнхэнд даалгалаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш