УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан 15 цаг 43 минутад гишүүдийн 55,6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Г.Тэмүүлэн, А.Сүхбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Дэлхий нийтээрээ хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдахыг хориглох хандлагатай болсон энэ цаг үед хуулийн төслийг эргэн харах шаардлагатайг дурдаад төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг шалгалтын дүнг танилцуулах байсан ч, хэлэлцэх асуудлыг түр хойшлууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нарын зүгээс “Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан -Уул, Төв аймагт ажилласан хэдий ч холбогдох тоо баримтууд зөрүүтэй байгаа тул санал, дүгнэлтээ нэгтгэх шаардлагатай” байгааг онцлоод энэ долоо хоногтоо багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Байнгын хороог хуралдуулах саналтай байгаагаа илэрхийлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.