logo
Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаат компаниуд идэвхгүй байна

Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаат компаниуд идэвхгүй байна

2011/11/15
"Монголын хөрөнгийн зах зээлд сэтгэлгээний хувьсгал хийцгээе" гэнэ үү? Ийм гарчигтай нийтлэл "Vipnews" нэртэй улс төр, бизнесийн сэдвийн сэтгүүлд гарчээ. Хувьсгал гэдэг чинь цоо шинэ нийгэм, ойлголтыг гаргаж ирэхдээ хэрэглэгддэг үг. Монголын хөрөнгийн зах зээлд үнэхээр цоо шинэ сэтгэлгээ үгүйлэгдэж байгаа нь үнэн. ХУВЬСГАЛ гэж бичсэн нь танд хэр оновчтой, ортой санагдаж байна? Тус нийтлэлд Монголын хөрөнгийн зах зээлд сэтгэлгээний хувьсгал хийх цаг нь ирсэн гэдгийг батлахдаа дараах үндэслэлийг гарган тавьжээ.
Монголын хөрөнгийн зах зээл бидний хүсээд байгаа зах зээлийн орчинд хүрээгүй. Магадгүй, нийт эдийн засгийн 90 хувь нь хөрөнгийн зах зээлд гараагүй гэж хэлэхэд болно. Хэдий хувьцаат компанийн хэлбэрт манай цөөнгүй компаниуд шилжсэн ч Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй <тоглохгүй> байна. Нийт баялгаа хөрөнгийн бирж дээр хараахан арилжаалж эхлээгүй байна гэсэн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болдын үгийг тусгаж өгчээ. Энэ мэтчилэн Монголын хөрөнгийн биржид сэтгэлгээний хувьсгал яаж хийх вэ гэдэг асуултын хариултыг"Vipnews"сэтгүүлээс үргэлжлүүлэн уншихад илүүдэхгүй.
Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржээс туршлага судалж бүс нутгийн бирж болох амбицтай байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд хувьцааны үнэ савлагаатай буй энэ үе, Монголын хөрөнгийн зах зээлийн шинэчлэгдэхийг чармайж буй цаг мөч хоёрын учиг хаана хүрч, хэзээ тайлагдах бол.
Таатай мэдээ байна уу? Өмнө нь бид "Монголд үйлдвэрлэв" гэсэн шошготой цөөнгүй төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулж, зарим нэг нь олон улсын үзэсгэлэн яармагаас шилдэг бүтээгдэхүүн шалгарлаа гэсэн мэдээллийг хааяа, хааяахан сонсдог.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Монгол компанийн үндэсний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд борлуулагдаж байхад бид баярладаг. Дэлхийн зах зээлийн хэрэглэгчдийн таашаал, сонирхлыг тандан судалвал органик гаралтай бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байна. Манай улс органик гаралтай бүтээгдэхүүн гэхээр хөдөө аж ахуйн гаралтай хэд, хэдэн бүтээгдэхүүн нэрлэдэг. Үүний нэг нь мэдээж ноос ноолуур. Тэгвэл Монголын Говь, Гоёо зэрэг томоохон ноос ноолуурын компаниуд хамтран нэгдэл байгуулж хамтдаа дэлхийн зах зээл дээр MADE IN ORGANIC MONGOLIA гэсэн шошготой бүтээгдэхүүнийг гаргахаар болжээ. Байгалийн гаралтай монгол бүтээгдэхүүнийг хэрхэн олон улсын зах зээлд хүрээгээ тэлэх талаар шинэ гарцыг "Vipnews" сэтгүүлийн шинэ дугаарт онцолсон байна.

Монголын эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй байна

"Vipnews"гэсэн шинэ сэтгүүлийн арваннэгдүгээр сарын экспертээр МҮХАҮТ-ын дарга, Монгол улсын гавъяат эдийн засагч С.Дэмбэрэл уригджээ. Хурц байр суурь илэрхийлдэг, мэргэжлийн эдийн засагч нийтлэлийг уншвал нэг салбараас хамааралтай эдийн засгийг өрөөсгөл бүтэцтэйд тооцож, энэ байдал удаан үргэлжилбэл гажиг болно гэж тодорхойлжээ.  Нийтлэлийг цааш үргэжлүүлэн уншвал "М" гэдэг улсын хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ-ээр дэмжих бус салбаруудын хөгжлийн ижил түвшин, байгаль орчны уялдаа холбоог хангасан, эдийн засгийн өсөлт нь хүн амын амьдралд бодитой мэдрэгдэхүйц байж гэмээнэ энэ бол зөв хөгжил гэдгийг илэрхийлсэн байна.
Бүхэл бүтэн нэг улсын эдийн засаг нүүрс, зэс давамгайлж байгаа нь өрөөсгөл бүтэцтэй байна гэж хэлэх шалтгаан болж байгааг ноён С.Дэмбэрэл тайлбарлажээ. Тэрээр хэдэн жилийн дараа Кувейт шиг болно гэж баясаад, улс орон даяараа хувьцаа эзэмшигчид гэж дэмийрээд байвал цаашид манай улсын эдийн засаг бүрхэг болно гэж үзэж байна. Тэгвэл энэ байдлаас яаж гарах саналаа "Vipnews" сэтгүүлийн шинэ дугаарт илэрхийлэн бичжээ.

Улс төрч, хувийн хэвшлийн хоорондын “хэрүүл”

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монгол 999 үндэсний нэгдэл ХК-ны ТУЗ-ийн дарга Л.Ариунболд хоёр Тавантолгойн хувьцааны талаар “хэрэлдэж” байна. УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Тавантолгойн хувьцааны 10 хувийг компаниудад өгч болохгүй  гэж байгаа бол Монгол 999 үндэсний нэгдэл ХК-ны ТУЗ-ийн дарга Л.Ариунболд: Тавантолгойн хувьцааны 10 хувийг компаниудад өгөх хэрэгтэй гэсэн талцсан байр суурьтай байна.
Нэг нь Тавантолгойн тогтоолын төслийг өргөн барьсан гишүүн, нөгөө нь үндэсний компаниудын төлөөллийн байр суурьнаас хандаж байгаа энэ хоёрын боловсон маргаан шийдвэрлэгдэх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Энэ хоёр эрхмийн байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Vipnews" тус бүртээ 8, 8 үндэслэлийг дэлгэн тавьжээ. Тус тусын байр суурь, үндэслэлтэй энэхүү нийтлэлийг уншсанаар Тавантолгойн 10 хувийг төр авах нь зөв үү, хувийн хэвшилд даатгасан нь оновчтой юу гэсэн өөрийн дүгнэлтийг хийх буй за.

Төсөв түнтийвч зардал чангарна

Ийм гарчигтай нийтлэл шинэ сэтгүүл болох Vipnews-ийн шинэ дугаарт нийтлэгдсэн байна. Засгийн газар 2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл байгааг тус нийтлэлд дурджээ. Эдийн засаг ингэж өссөнөөр ДНБ 18 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 6.3 сая төгрөгт хүрнэ гэж өнөөдрийн байдлаар маргаашийг тодорхойлж байна. Төсөв жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ эдийн засаг өсч байна гэж ярихаасаа илүү Монголын эдийн засагт өөрчлөлт, ахиц гарч байна уу гэдгийг бодитоор дүгнэх нь чухал. Төсвийн үрэлгэн байдал, оновчгүй хөрөнгө оруулалт, хавтгайруулсан халамж зэргийг эргэж харах шаардлага гарцаагүй байна гэсэн асуудлыг энэ нийтлэл дамжуулан илэрхийлжээ.

Манай улс АВИЛГА хэмээх ХАР МАНГАС-ыг яаж дарахаа бусад улсаас суралцвал яасан юм бэ?

Төрийн албан хаагчид бүгд АВЛИГАЧ гэдэг муу нэр зүүдэг. Тэд яагаад авилга аваад байна вэ? Тэдний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас ганц давуу тал болох эрх мэдлээ ашиглан авилга авдаг биш үү. Зөвхөн энэ үндэслэлээр авилга авдаг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ зөвхөн өөрийн оронд оршиж байгаа мэт ойлгож болохгүй, авилга дэлхийн бүх улс оронд байдаг. Улс орон бүр өөр, өөрсдийнхөө тэмцдэг нь ойлгомжтой. Харин яаж гэдгээр бяцхан эрэл хайгуул хийлээ. "Улс төрийн тогтвортой байдал бол авилгын эсрэг гол зэвсэг" гэсэн сүртэй мөртлөө тодорхой гарчигтай нэгэн сонирхолтой нийтлэл "Vipnews" сэтгүүлд гарчээ.
"Vipnews" сэтгүүлийн энэхүү нийтлэлд өгүүлснээр Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ю маш зөв шийдвэр гаргасан гэж бичсэн байх юм. Ухаж уншвал Сингапур улсыг авлигаас ангижруулахын тулд ерөнхий сайд нь төрийн албан хаагчдынхаа цалинг нэмсэн байна. Байж болох л жишээ. Тэгвэл Өмнөд Солонгос гэхэд бичиг цаасанд ороогдсон төрийн хүнд суртлыг арилгасан тухай бичсэн байна. "Тэд хэрхэн шийдсэн бэ", "Даргын гарын үсэг хэр үнэтэй вэ" зэрэг асуулт тавин авилгын эсрэг асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татна. Энэ мэтчилэн Vipnews сэтгүүлийн нийтлэлийг үргэлжүүлэн уншвал Япон, АНУ, Финлянд, Герман, Израйль, Франц, Итали, Их Британи зэрэг хөгжингүй болон хөгжиж буй орнууд АВИЛГА хэмээх ХАР МАНГАС-ыг хэрхэн дарж эсвэл багасаж чадсаныг цогц байдлаар бичжээ. Жишээ нь Финлянд улсад хахууль авсан хүнийг 2 жил хорьдог бол Итали улсад авлигын хэрэгт 4-12 жилийн ял оноодог байна гэх зэргээр нөгөө НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ гэдэг шиг цаг хугацаа хөнгөвчилсөн мөртлөө чанартай нийтлэл болж чаджээ. Эдгээр улстай харьцуулахад манай орон авилгад идэгдсэнээ гайхах атлаа авилгын эсрэг шат, шатны байгууллага, албан тушаалтанд ямар дорвитой арга хэмжээ авсан билээ дээ? Энэ л санагдахгүй байх чинь.
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш